Төрийн бүх цахим үйлчилгээ нэг дор байрладаг “E-Mongolia” систем дотор эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн их хэрэглэгддэг ангилал болоод байна. Нэгтгэл мэдээгээр, тус платформоор дамжин хийгдэж буй бүх цахим үйлчилгээний 21.6 хувь нь зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ ноогдож байгаа нь иргэд эмнэлгийн үйлчилгээг онлайнаар авах эрэлт өндөр байгааг харуулж байна.
Өмнө нь эмчийн гарын үсэг авах, үзлэгт цаг товлох, шинжилгээний хариу харах гэж заавал эмнэлэг дээр биечлэн очих, урт дараалалд зогсох шаардлагатай байлаа. Цахим шилжилт хийсний үр дүнд дээрх олон үйлчилгээг иргэд гэрээсээ, ажлынхаа байрнаас E-Mongolia-д нэвтэрч авах боломжтой болсон. Цахим үйлчилгээний гол жишээ нь:
- Үзлэг, шинжилгээний цаг онлайнаар захиалах
- Шинжилгээний хариу, эмчийн зөвлөгөөг цахимаар үзэх
- ЭМД-ын төлбөр, даатгалын мэдээлэлтэй танилцах
- Жирэмсэн эх, бага насны хүүхдийн дэвтрийн зарим мэдээлэлтэй танилцах зэрэг олон төрлийн үйлчилгээ орно.

2025 оны 11 дүгээр сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 860 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 486 байгууллага нь “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн сан”-д холбогджээ. Цаашид өрх, сум, дүүргийн эмнэлгүүдийг үе шаттайгаар энэ санд бүрэн нэгтгэснээр иргэд хаана ч очсон өөрийн цахим түүх, онош, шинжилгээний мэдээллээ алдалгүй, давхардалгүй авах боломж бүрдэнэ гэж Эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байна.
2 комментария
Энэ бол зөв шийдэл, мэдээлэл илүү ойлгомжтой болно
Өвчтөнүүдэд үйлчилгээ авахад хялбар болох байх даа