Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн Баасан гаригт парламентын танхимд үг хэлэхдээ Тайванийн талаар Хятадын цэргийн дарамт нэмэгдвэл Токио хөндлөнгөөс оролцохоос өөр сонголтгүй нөхцөл үүсч мэднэ гэж мэдэгдсэн нь хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсгэв. Түүний энэхүү байр суурь Бээжингийн талд ноцтой хүлээж авсан дохио болжээ.
Энэ мэдэгдлийн араас Хятадын Осака дахь Ерөнхий консул Шюэ Жиан Такаичид чиглэсэн таагүй үгтэй жиргээг “Х” платформдоо нийтэлсэн байна. Тэрээр “…түүний толгойг таслана” гэх хүртэл ширүүн илэрхийллүүд ашиглаж, “Та үүнд бэлэн үү?” хэмээн бичээд ууртай дүртэй эможи хавсаргасан нь олон нийтийн анхаарлыг татжээ.
Мөн Шюэ Жиан энэ сэдвээр бусад хэрэглэгчдийн бичсэн хэд хэдэн сэтгэгдэлд дэмжиж хуваалцсан нь асуудлыг улам хурцатгасан байна. Үүнд “Хэрэв Япон улс Хятадад халдвал тэр даруй хариу арга хэмжээ авна”, “Хатагтай Такаичи дайн өдүүлэх тухай юу ч болоогүй юм шиг ярьж байна, энэ бол улсын сүйрэл” гэх агуулгатай бичвэрүүд багтжээ.
Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Минорү Кихара эдгээр илэрхийллүүдийг “туйлын зохисгүй” гэж тодорхойлсон бөгөөд Гадаад хэргийн яам нь Хятадын талд албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн Хятадын Осака дахь консулын нийтлэлийг устгуулах хүсэлт гаргасан бөгөөд удалгүй уг жиргээ “Х”-ээс алга болжээ.
Бээжингийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лиж Жиан Даваа гаригт байр сууриа илэрхийлэхдээ Такаичигийн хэлсэн үг Хятадын хувьд “маш ноцтой” зүйл хэмээн мэдэгдэж, Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцох нь хоёр орны харилцаанд хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ гэж анхааруулсан байна.
Эдгээр мэдэгдлийн дараагаар Санаэ Такаичи Даваа гаригт /2025.11.10/ анхны байр сууринаасаа ухраагүй гэдгээ дахин илэрхийлжээ. Тэрээр “Би боломжит хувилбаруудын тухай хэлсэн. Гэхдээ тухайн нөхцөл байдлыг дүгнэх нь засгийн газрын үүрэг” хэмээн тайлбарласан байна.
Япон улс олон жилийн турш Хятадтай илт зөрчилдөхөөс болгоомжлох бодлого баримталсаар ирсэн ч Тайвань бол Японд хамгийн ойр орших чухал бүс нутаг. Тайваньтай хамгийн дөт байрлах Японы арлууд ердөө 120 км-ийн зайтай оршдог. Үүнээс гадна АНУ-ын 50 мянга гаруй цэрэг Японд байрладаг бөгөөд шинжээчдийн хэлснээр эдгээр хүч нь Тайванийг хамгаалах стратегийн түлхүүр хүчинд тооцогддог.