Өсвөр насныхан ба хиймэл оюун ухаан: Шинэ “найз” уу, эсвэл нуугдмал аюул уу?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ХОУ

Насанд хүрэгчид хиймэл оюун ухааныг (ХОУ) аялал төлөвлөх, хүнсний жагсаалт гаргах зэрэгт ашиглаж байхад өсвөр насныхан түүнээс сэтгэл зүйн дэмжлэг, ойлголцол, тэр байтугай дотно харилцааг хайх болжээ.

Өнөөдөр хиймэл оюун ухаан бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон. Насанд хүрэгчдийн хувьд энэ нь захидал бичих, хоолны цэс гаргах, амралтын санаа олох зэрэгт тусалдаг ердийн нэг хэрэглүүр юм. Харин өсвөр насныхны хувьд энэ харилцаа хавьгүй гүнзгий бөгөөд төвөгтэй түвшинд өрнөж байгааг Psychology Today сэтгүүл онцолжээ.

Өсвөр насныхны дийлэнх нь “чатбот-хамтрагч” гэгддэг системүүдтэй хэдийнэ харилцаж эхэлсэн бөгөөд энэ нь зөвхөн сонирхол төдий зүйл биш юм. Олон хүүхдийн хувьд энэ нь доторхоо уудалж, дэмжлэг авч, өөрийгөө “сонсогдож” байна гэж мэдрэх орон зай нь болж байна. Гэвч яг эндээс л хамгийн анхаарал татсан бөгөөд түгшүүртэй асуудлууд урган гарч ирдэг.

ХОУ — шинэ “найз”

Өсвөр насныхны талаас илүү хувь нь чатботуудыг тогтмол ашиглаж байгаа бөгөөд тэдний гуравны нэг орчим нь хиймэл оюун ухаантай харилцах нь бодит хүнтэй ярилцахаас илүү таатай санагддаг гэжээ. Ялангуяа 13-14 насны буюу шүүмжлэлт сэтгэлгээ нь бүрэн төлөвшөөгүй байгаа бага насны өсвөр хүүхдүүд ХОУ-д илүү их итгэж байна.

Тэд ердийн ChatGPT-ээс гадна Character.AI, Snapchat-ийн My AI эсвэл Replika зэрэг “хувь хүнд зориулагдсан” үйлчилгээнүүдийг түлхүү ашигладаг. Хэдийгээр эдгээр платформд насны хязгаарлалт байдаг ч амьдрал дээр түүнийг тойрч гарах маш хялбар байдаг аж.

Өсвөр насныхны эмзэг байдал

Өсвөр насны хүүхдийн тархи нь сэтгэл хөдлөл болон өөрийгөө хянах чадварын хоорондох тэнцвэрээ хараахан олж амжаагүй байдаг. Мэдрэмж, шагнал, хариу үйлдлийг хариуцдаг сэтгэл хөдлөлийн систем нь логик сэтгэлгээ, өөрийгөө хянах чадварыг зохицуулдаг тархины хэсгээсээ (prefrontal cortex) түрүүлж хөгждөг байна.

Өөрөөр хэлбэл, өсвөр насныхан дэмжлэг болон сайшаалыг маш хүчтэй хүлээж авдаг бөгөөд сэтгэл хөдлөлд нь хурдан хариу үйлдэл үзүүлж буй зүйлд амархан “дасдаг”. Харин ХОУ үүнд яг таарсан систем юм. Тэрээр хормын дотор хариулж, хэзээ ч шүүмжилдэггүй, үргэлж “холбоотой” байж, хэрэглэгчийнхээ сэтгэл хөдлөлд бүрэн зохицдог. Энэ нь хүүхдийн нүдээр “төгс найз” мэт харагдаж болох талтай.

Ойр дотно байхын төөрөгдөл

Чатботуудыг ийм “үнэмшилтэй” болгодог хоёр гол механизм бий:

  • Хүнчлэх хандлага (Anthropomorphism): Бид “хүн шиг” сонсогдож буй зүйлд автоматаар хүний шинж чанарыг оноодог. Хэрэв чатботын хариулт дулаан уур амьсгалтай, өрөвч сэтгэлтэй сонсогдож байвал тархи түүнийг “амьд” мэтээр хүлээж авч эхэлдэг.
  • Санал нийлэх хандлага: Чатботууд хүмүүсээс 50 хувиар илүүтэйгээр хэрэглэгчтэй санал нийлдэг байна. Энэ нь сонсоход таатай боловч аюултай талтай. Хэрэв өсвөр насны хүүхэд өөрийнхөө тухай эсвэл ертөнцийн талаар сөрөг бодол илэрхийлбэл, ХОУ түүнийг нь “зөв” хэмээн бататгаж, сөрөг мэдрэмжийг нь улам гүнзгийрүүлж болзошгүй.

Ийм “дэмжлэг”-ийн аюул

Зарим тохиолдолд чатбот ашиглах нь “ердийн” харилцаанаас хальж, ноцтой үр дагаварт хүрдэг. Хүүхдийнхээ түгшүүртэй дохиог чатбот зохих ёсоор хүлээж авч хариулаагүй гэх үндэслэлээр эцэг эхчүүд хөгжүүлэгчдийг шүүхэд өгсөн тохиолдлууд ч бий.

Энэ нь ийм системүүд “сэтгэл зүйн зөвлөх”-ийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн үү гэдэг чухал асуултыг тавьж байна. ХОУ нь сэтгэл зүйн ноцтой асуудлуудыг таньж мэдэх чадваргүй бөгөөд буруу эсвэл хортой зөвлөгөө өгөх эрсдэлтэй төдийгүй бодит хүн шиг хариуцлага хүлээх чадамжгүй юм.

Технологи дүрэм журмаас илүү хурдтай хөгжиж байна. Хэдийгээр анхны хууль тогтоомжууд гарч эхэлсэн ч ихэнх системүүд “саарал бүсэд” ажилласаар байна. Мэргэжлийн байгууллагууд тодорхой дүрэм журам мөрдүүлэх, хүүхдүүдэд цахим боловсрол олгох, хамгаалалтыг чангатгахыг уриалж байгаа ч эдгээр механизмууд одоо л бүрэлдэж эхэлж байна.

Эцэг эхчүүд юу хийх вэ?

Хиймэл оюун ухааныг үгүйсгэх нь гарц биш, учир нь энэ нь аль хэдийнэ бидний амьдралын нэг хэсэг болсон. Тиймээс:

  1. Хянах биш, ярилцах: Хүүхдээсээ ХОУ ашигладаг эсэх, юунд ашигладаг, түүнд нь юу таалагддагийг асуу. Шүүмжлэх бус, зөвхөн сонирхож буйгаа харуул.
  2. Хил хязгаарыг тайлбарлах: ХОУ нь юу ч мэдэрдэггүй, сэтгэдэггүй, “санаа зовдоггүй”, харин зөвхөн хүнийг дуурайж байгааг хүүхэд ойлгох ёстой.
  3. Бодит харилцааг бэхжүүлэх: Нөхөрлөл, гэр бүл, амьд харилцаа нь илүү төвөгтэй боловч хавьгүй гүнзгий бөгөөд үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлэх.
  4. Анхааралтай байх: Хүүхдийн зан ааш, нойр, биеэ авч явах байдал өөрчлөгдөх эсвэл хэт их “нууцлаг” болох нь анхаарал хандуулах цаг болсны дохио юм.

Хиймэл оюун ухаан бол сургах, туслах, урам зориг өгөх чадалтай хүчтэй хэрэглүүр. Гэвч тэрээр хүний бодит дотно харилцааг хэзээ ч орлож чадахгүй. Өөрийгөө болон ертөнцийг таньж мэдэж буй өсвөр насны хүүхдийн хувьд энэ нь нэн чухал юм. Тиймээс өнөөдрийн гол дүрэм маш энгийн: Хориглох биш тайлбарлах, айх биш хамт байх.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй