Home Эрүүл мэндӨсвөр насныханд зориулсан зуны арьс арчилгааны заавар: Арьсны эмч нарын онцолсон 6 алхам

Өсвөр насныханд зориулсан зуны арьс арчилгааны заавар: Арьсны эмч нарын онцолсон 6 алхам

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Арьс судлалын эмч нарын зөвлөсөн 6 алхам

Зуны улиралд бидний амьдралын хэмнэл өөрчлөгддөгийн нэгэн адил арьс арчилгаа ч мөн зохицуулалт шаардагддаг гэж арьсны эмч нар зөвлөж байна. Нарны хурц туяа, хөлс, тосны ялгаралт зэрэг нь өсвөр насныхны арьсанд асуудал үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Personal Day Advisory Board-ийн гишүүн, арьсны эмч доктор Mamina Turegano “Зун бол өсвөр насны арьсанд хамгийн их сорилт тулгардаг улирал” хэмээн онцолсон.

Арьсны төрөл ямар ч байсан, өсвөр насныхан дараах энгийн зургаан алхмыг дагаснаар арьсаа эрүүл, цэвэр байлгаж чадна.

Хамгийн эхэнд арьсанд түрхэж буй бүтээгдэхүүний орц найрлагыг сайтар шалгах шаардлагатай. Халуун улиралд өтгөн бүтэцтэй, тослог ихтэй чийгшүүлэгч бүтээгдэхүүн нь батга үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг тул хөнгөн бүтэцтэй, тосгүй (“oil-free”), нүх бөглөдөггүй (“non-comedogenic”) бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. Шинэ сет худалдаж авахын оронд хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдээ дотроосоо сонгон зохицуулалт хийж болох юм.

Өглөө, оройд арьсаа зөөлөн цэвэрлэж, дараа нь хөнгөн чийгшүүлэгч түрхэх хэрэгтэй. Арьс тослогдох хандлагатай байлаа ч чийгшүүлэх нь арьсны тэнцвэрт байдлыг хадгалах чухал алхам юм. Ялангуяа батганы эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж буй бол арьсыг хуурайшуулахаас хамгаалж, чийгшүүлэхийг мартаж болохгүй.

Мөн SPF агуулсан нарнаас хамгаалагч хэрэглэх нь зун төдийгүй жилийн турш арьсаа хамгаалахад зайлшгүй чухал. Ретиноид, гуужуулагч зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэх үед арьс илүү нарны мэдрэг болдог тул SPF хэрэглээг давхар нэмэгдүүлэх шаардлагатай. Нарны тосыг гадагш гарахаас 15–20 минутын өмнө түрхэж, арьсанд бүрэн шингэх боломжийг өгөх хэрэгтэй.

Нарны тосыг нэг удаа түрхээд орхих бус хоёр цаг тутамд, усанд орсны дараа дахин түрхэж байж бүрэн хамгаалалт үүсдэг. Шүршдэг нарны тос хэрэглэж байгаа бол хангалттай хэмжээгээр ойроос шүршиж, дараа нь гараараа жигд тараан түрхэх нь үр дүнтэй.

Будалтын хувьд зуны улиралд аль болох хөнгөн, нимгэн байх нь тохиромжтой. Олон давхар бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсыг амьсгалах боломжгүй болгож, батга, үрэвсэл үүсгэх шалтгаан болдог. Харин өнгөтэй SPF-тэй тос эсвэл SPF агуулсан хөнгөн бронзер ашиглах нь нарны хамгаалалт болон арьсны өнгийг зэрэг сайжруулна.

Эцэст нь, зөвхөн арьс арчилгаагаар хязгаарлалгүй, нарны физик хамгаалалтыг ч хэрэглэх нь чухал. Саравчтай малгай, нарны шил зүүх, өдрийн хамгийн хүчтэй нар тусах үеэр гадаа гарахаас зайлсхийх, өглөө, оройн цагаар гадаа үйл ажиллагаа хийхийг эрхэмлэ. Нарны хамгийн идэвхтэй үе болох үд дунд нарны туяаг хязгаарлах нь арьсны эрүүл байдалд эерэгээр нөлөөлнө.

Арьс арчилгаанд тренд хөөхөөс илүү арьсандаа тохирсон, өөрийн туршиж баталгаажуулсан бүтээгдэхүүнээ тогтмол, зөв хэрэглэж хэвших нь урт хугацаанд илүү үр дүнтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.


Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.