“Оземпик царай” — гоо сайхны шинэ трэнд үү, маркетингийн заль уу: Жин хассаны дараа арьсанд юу тохиолддог вэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Оземпик

Хурдан хугацаанд жин хасах нь зөвхөн бие галбирт бус, нүүрний төрхөнд ч мэдэгдэхүйц өөрчлөлт оруулдаг болжээ. “Оземпик царай” (Ozempic face) хэмээх нэр томьёо гоо сайхны салбарт хүчээ авч, брэндүүд үүнд зориулсан тусгай тос, ийлдэсүүдийг санал болгож эхлэв. Гэвч эдгээр нь үнэхээр шаардлагатай юу, эсвэл зүгээр л ээлжит маркетингийн заль уу гэдгийг тодруулъя.

Good Housekeeping сэтгүүлийн мэдээлснээр, GLP-1 (глюкагон төст пептид-1) суурьтай турах бэлдмэлүүд, тухайлбал Оземпик, Семаглутид болон Мунжаро зэргийн эрэлт огцом өсжээ. Үүнийг дагаад “Оземпик царай” хэмээх шинэ үзэгдэл бий болов.

Арьсны эмч Шейла Фарханг тайлбарлахдаа, энэ нь зүгээр нэг жин хасах асуудал биш, харин нүүрний, ялангуяа хацрын орчмын өөхөн эд хэт хурдан алдагдсанаас үүдэлтэй гэжээ. Үүний улмаас арьс унжиж, үрчлээ үүсэн, нүүрний хэлбэр тод бус болдог байна.

“Оземпик царай” гэж юу вэ?

Энэхүү нэр томьёо нь их хэмжээний жин хассаны дараа нүүр хэт туранхай, “унжсан”, ядрангуй харагдах байдлыг тодорхойлдог. Арьсны эмч Марни Нуссбаумын хэлснээр, нүүрний эзэлхүүн алдагдаж, арьс сулран, хугацаанаасаа өмнө хөгшрөх шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь ялангуяа богино хугацаанд огцом турсан хүмүүс, ахимаг насныхан болон нүүрний өөхөн эд багатай хүмүүст илүү тод ажиглагддаг. Түүнчлэн эмч нар арьс хуурайшиж, өнгө алдах асуудлыг нэмэлтээр тэмдэглэж байна.

Кристина Агилера / © Associated Press
Кристина Агилера / © Associated Press

Гоо сайхны салбарын хариу үйлдэл

Брэндүүд энэхүү шинэ “сорилтод” маш хурдан хариу барив. GLP-1 хэрэглэгчдэд зориулсан арьс арчилгааны шинэ ангилал бий болжээ. Тухайлбал, “4D асуудал” буюу эзэлхүүн алдагдах, гүн үрчлээ, чийгшил дутагдах болон арьсны нягтшил багасахтай тэмцэх цогц бүтээгдэхүүнүүд зах зээлд гарч ирэв.

Тэдгээрийн найрлагад гиалуроны хүчил, коллаген, бакучиол, амин хүчлүүд болон С витамин зэрэг антиоксидантууд багтдаг. Брэндүүдийн амлаж буйгаар эдгээр бүтээгдэхүүнийг 12 долоо хоногийн турш хэрэглэхэд арьсны уян хатан байдал, чийгшил 20 гаруй хувиар сайжирдаг гэнэ. Зарим бүтээгдэхүүнүүд ретинол, пептид болон зуун наст (алое) агуулсан бөгөөд арьсны байдлыг 100% сайжруулна гэж амлаж байна.

Тусгай бүтээгдэхүүн заавал хэрэгтэй юу?

Энэ асуултад өгөх товч хариулт бол үгүй. Гэхдээ зарим нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэрэв таны хэрэглэдэг хөгшрөлтийн эсрэг ердийн бүтээгдэхүүн доорх найрлагуудыг агуулж байвал үр дүн нь дутахгүй:

  • Пептидүүд – коллагены нийлэгжилтийг идэвхжүүлнэ.
  • Ретинол – эсийн нөхөн төлжилтийг түргэсгэнэ.
  • С витамин – коллагеныг дэмжиж, нарны туяанаас хамгаална.
  • Гиалуроны хүчил – арьсыг чийгшүүлж, “дүүргэж” өгнө.

Мөн арьсны өнгө сэргээхэд AHA эсвэл PHA хүчил агуулсан гуужуулагчууд тустай. Өөрөөр хэлбэл, таны гоо сайхны цүнхэнд байгаа бүтээгдэхүүнүүд ч ижил үр дүн үзүүлж чадна.

Кэтти Перри
Кэтти Перри

Гоо сайхны ажилбарууд

Зарим тохиолдолд эмч нар арьс арчилгааг мэргэжлийн ажилбартай хослуулахыг зөвлөдөг:

  • Тарилгын аргуудыг жин хасаж эхлэх эхний үе шатанд хийлгэх нь илүү үр дүнтэй.
  • Альтера-терапи (Ultherapy) – хэт авиан тусламжтайгаар арьсыг өргөж, чангална.
  • Радио давтамжит микронидлинг (RF microneedling) – арьсыг нөхөн сэргээхэд тустай ч зөв гүйцэтгэхгүй бол нүүрний өөхөн эдийг улам багасгаж, байдлыг дордуулах эрсдэлтэй.

“Оземпик царай” бол жингийн огцом алдагдлаас үүддэг бодит үзэгдэл юм. Гэхдээ үүнд зориулж “шидтэй” гэх тусдаа тос авах шаардлагагүй. Хамгийн гол нь арьсаа чийгшүүлж, коллагеныг идэвхжүүлэх, тогтмол арчлах нь чухал. Хамгийн чухал нь арьсаа шинэ бүтээгдэхүүнээр хэт бөмбөгдөлгүй, чийгшил, хамгаалалт гэсэн үндсэн суурьтаа анхаараарай.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй