Боловсролын сайд П.Наранбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсний дараа ХҮН намын Удирдах зөвлөлийн хурал дээр өөрийн шийдвэрийн шалтгааныг тайлбарласан байна. Тэрбээр уг шийдвэрийг улс төрийн нөхцөл байдалтай холбон ойлгож буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ намын гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, П.Наранбаяр боловсролын салбарт хэрэгжүүлсэн ажлуудаа онцолж, өөрийн оролцоо, хариуцлагыг тодорхой дурдсан байна. Тухайлбал, сургуулийн өмнөх болон бага боловсролын хөтөлбөрийг шинэчилж, хувийн хэвшилтэй хамтран “Багийн бага сургууль” төслийн хүрээнд таван сургууль байгуулсан гэдгийг тэмдэглэсэн.
Мөн дараах ажлуудыг хэрэгжүүлсэн талаар дурджээ.
- 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан
- Салбарын хөрөнгө оруулалтыг 1.1 их наяд төгрөгт хүргэсэн
- Багш, ажилчдын суурь болон үндсэн цалинг хоёр үе шаттайгаар нийт 50 хувь нэмэх шийдвэр гаргасан
Тэрбээр “ХҮН намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ачааны хүнд, гал атгаж ажиллалаа. Засгийн газарт ирж буй галыг сааруулах улс төрийн шийдвэр болохыг ойлгож болох ч, Боловсролын салбар, ХҮН намын мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх ажлыг бодохоор сэтгэлд хөндүүр, товчхондоо гэнэтийн энэхүү шийдвэрт гомдолтой байна” хэмээн мэдэгдсэн байна.
Ийнхүү түүний огцрох шийдвэр улс төрийн тохиролцооны хүрээнд хийгдсэн байж болзошгүй гэсэн хандлага ажиглагдаж байна.