Пакистаны тал Энэтхэгтэй хилийн ойролцоо болсон агаарын тулааны үеэр Хятадад үйлдвэрлэсэн J-10C сөнөөгч онгоц ашиглан таван энэтхэг онгоцыг унагасан гэж мэдэгдлээ. Тус мэдээллийг Пакистаны Гадаад хэргийн сайд Ишак Дар парламентдаа тайлагнахдаа ил болгосон бөгөөд унагасан онгоцны гурав нь Францын Rafale загварын сөнөөгч байсныг онцолсон байна.
“Манай нисэх хүчин Энэтхэгийн гурван Rafale онгоцыг унагаж чадсан. Манай бүх онгоц Хятадад үйлдвэрлэсэн J-10C байсан,” хэмээн сайд Ишак Дар мэдэгджээ.
Хэрэв уг мэдээлэл батлагдвал J-10C загварын сөнөөгч онгоц жинхэнэ байлдааны нөхцөлд анх удаа ашиглагдсан түүхэн тохиолдол болж байна. Мөн Францын өндөр зэрэглэлийн Rafale онгоцнууд анх удаа жинхэнэ агаарын тулаанд ялагдал хүлээсэн хэрэг болох юм.
Францын тагнуулын алба энэхүү мэдээллийг баталгаажуулахаар ажиллаж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Мөн Энэтхэгийн Пунжаб мужийн нутгаас Хятадын үйлдвэрлэсэн PL-15E пуужингийн хэлтэрхий олдсон талаар орон нутгийн эх сурвалжууд дамжуулсан байна. Тус пуужинг Пакистаны K-10C буюу JF-17C Block 3 загварын сөнөөгч онгоцноос харвасан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
J-10C бол Хятадын Chengdu Aircraft Industry Group компанид үйлдвэрлэсэн, ганц хөдөлгүүртэй, олон үүрэг гүйцэтгэх чадвартай 4.5-р үеийн сөнөөгч онгоц бөгөөд 2003 оноос Хятадын Зэвсэгт хүчинд ашиглагдаж эхэлсэн. Уг онгоцны хамгийн сүүлийн хувилбар болох J-10C нь сайжруулсан хөдөлгүүр болон радарын системтэй болж, илүү өрсөлдөх чадвартай болсон юм.
Гадаад улсуудын дотроос Пакистан анхлан энэ онгоцыг албан ёсоор зэвсэглэлдээ нэвтрүүлсэн бөгөөд 2020 онд 36 ширхэг J-10C онгоцыг 250 ширхэг PL-15E пуужингийн хамт захиалж байжээ. Эхний зургаан онгоц 2022 онд нийлүүлэгдсэн бөгөөд одоогийн байдлаар 20 ширхэг J-10C Пакистаны агаарын хүчинд ашиглагдаж байна.
Мөн Египет улс тус онгоцыг авахаар сонирхож байгаа бол Узбекистан улс Зөвлөлтийн үеийн хуучин онгоцнуудаа шинэчлэх хүрээнд J-10C болон Rafale онгоцны хооронд сонголт хийхээр судалгаа хийж байгаа аж.
Пакистаны Гадаад хэргийн сайдын мэдээлснээр, Лхагва гарагийн өглөө Хятадын Элчин сайдын яамны төлөөлөгчид Исламабад хотноо хүрэлцэн ирж, агаарын тулааны талаар мэдээлэл авч, үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.