Пакистан Трампыг Нобелийн шагналд дэвшүүлснээс маргааш нь Ираныг бөмбөгдсөнд нь шүүмжлэлтэй хандлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Пакистан Трампыг шүүмжилсэн

Өнгөрсөн Бямба гарагт Пакистан улсын эрх баригчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг “жинхэнэ энхийг сахиулагч” хэмээн үнэлж, Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлснээ албан ёсоор зарласан. Трампын нэр дэвшүүлэлтийн гол шалтгаан нь өнгөрсөн сард Пакистан, Энэтхэгийн хооронд өрнөсөн дөрөв хоногийн зэвсэгт мөргөлдөөнийг зогсооход түүний гүйцэтгэсэн зуучлалын үүрэг байв.

Пакистаны засгийн газар тухайн үед гаргасан мэдэгдэлдээ Трампыг “стратегийн алсын хараа, төрийн зүтгэлтний мэргэн ухааныг илтгэн харуулсан” хэмээн онцолж магтсан юм.

Гэвч ердөө нэг хоногийн дараа буюу Ням гарагт АНУ-ын нисэх хүчин Ираны цөмийн байгууламжуудад агаарын цохилт өгсний дараа Пакистан огцом байр сууриа өөрчилж, энэхүү довтолгоог хатуу шүүмжиллээ.

Пакистаны Гадаад хэргийн яамны мэдэгдэлд:

“Ираны эсрэг явуулсан түрэмгийллийн улмаас бүс нутгийн нөхцөл байдал урьд өмнө байгаагүй түвшинд хурцдаж, дэлхийн хэмжээнд ч ноцтой аюул дагуулах эрсдэл үүсээд байна” гэж онцолсон байна.

Мөн тус улсын ерөнхийлөгч Шебхаз Шариф Ираны төрийн тэргүүн Масуд Пезешкянтай утсаар ярьж, АНУ-ын цэргийн довтолгоог буруушаасан талаараа илэрхийлсэн тухай албан эх сурвалжууд мэдээлэв.

Пакистан ийнхүү хоёр өдрийн дотор эсрэг тэсрэг байр суурь илэрхийлсэнд олон нийт гайхаж байгаа ч, тус улсын Гадаад хэргийн яам энэ асуудалд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Нэмж дурдахад, өчигдөр Пакистаны хамгийн том хот Карачид хэдэн мянган иргэн АНУ болон Израилийн эсрэг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид Трампын хөрөг бүхий АНУ-ын далбааг газарт дэвсэж, дээгүүр нь алхахын зэрэгцээ АНУ, Израиль болон Энэтхэгийн эсрэг уриа үгс хашхирч байсан нь олон нийтийн бухимдлыг илэрхийлсэн үйлдэл байлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment