Пакистаны нийслэл Исламабад хотод энэ долоо хоногийн даваа гарагт 17 настай нийгмийн сүлжээний нөлөө бүхий охиныг гэрт нь буудан хороосон хэрэг гарсан бөгөөд уг хэрэгт сэжиглэгдсэн 22 настай эрэгтэйг эрх баригчид баривчилжээ.
Хохирогч Сана Юсаф нь Instagram дээр хагас сая, TikTok дээр сая гаруй дагагчтай алдартай инфлюнсер байсан бөгөөд тухайн өдөр гэртээ байхад нь Умар Хаяат гэх залуу түүнийг хоёр удаа буудан амийг нь хороож, гар утсыг нь хулгайлан оргон зайлсан байна. Хохирогч эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө нас баржээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хэрэг гарсны дараа шуурхай ажиллагаа өрнүүлж, Исламабад болон Пунжаб муж даяар 113 хяналтын камер шалгасны үр дүнд гэмт этгээдийн байршлыг тогтоон, түүнд ашиглагдсан галт зэвсэг, хулгайд алдагдсан утсыг олжээ. Ингээд Умар Хаяатыг баривчилсан бөгөөд тэрбээр хэргээ хүлээн зөвшөөрсөн байна.
Умар Хаяат нь Пунжабын Файсалабад хотоос гаралтай бөгөөд нөлөө бүхий төрийн албан хаагчийн хүү ажээ. Эрх баригчдын зүгээс түүнийг охинд найзлах санал тавьсан боловч татгалзсан тул ийм эмгэнэлт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа юм.
Сана Юсафыг харамсалтайгаар амиа алдсанд олон мянган дагагч нь эмгэнэл илэрхийлсэн бөгөөд түүний хамгийн сүүлчийн Instagram бичлэг нь төрсөн өдрийнхөө бялууг зүсэж буй бичлэг байв. Охины эцэг Сайед Юсаф Хассан охиноо айлын ганц, зоригтой охин байсан хэмээн дурссан байна.
Энэхүү харамсалтай хэрэг Пакистанд эмэгтэй инфлюнсерүүдийн аюулгүй байдал, цахим сүлжээний орчны эрсдэл, жендэрийн тэгш бус байдлын асуудлыг дахин хөндөж, олон нийтийн дунд хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ.