Мадрид хотод болсон La Vuelta дугуйн уралдааны сүүлийн өдөр Палестиныг дэмжигчид тэмцээний гарааг үймүүлж, олон нийтийн анхаарлыг татлаа. Ням гарагт жагсагчид Гран-Виа гудамжинд байрлуулсан хамгаалалтын хаалтуудыг даван, зам дээр гарч ирэхэд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Жагсагчид тэмцээнийг зогсоох шийдвэрийг уухайлан дэмжиж, “Палестин Вуэльтад яллаа”, “Израилийг бойкотлоё”, “Энэ бол дайн биш, энэ бол геноцид” хэмээн хашгирч байв. Тэд Израилийн Israel-Premier Tech багийг уралдаанд оролцуулсныг эсэргүүцжээ.
Энэ үйл явдлын дараа Испанийн Ерөнхий сайд Педро Санчес жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол сөрөг хүчний Ардын намын дарга Альберто Нуньес Фейхоо засгийн газрыг үймээн самууныг өөгшүүллээ хэмээн шүүмжилсэн байна.
La Vuelta нь энэ жил наймдугаар сарын 23-нд Италийн Туринд эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 14-ний орой Мадрид хотод өндөрлөх төлөвтэй байв. Гэвч Палестиныг дэмжигчид Мадрид орчмын замыг хаан, суугаа жагсаал хийснээр дугуйчид саадтай тулгарч, зарим нь тойрон гарахаас өөр аргагүй болсон аж. Уралдааны 10 дахь гарааны үеэр Италийн тамирчин Симоне Петилли жагсагчидтай мөргөлдөн унасан байна.
Энэхүү арга хэмжээг хамгаалахад 1500 гаруй цагдаа ажилласан бөгөөд Испани улс 2024 оны тавдугаар сард Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрснийг онцлох нь зүйтэй.