Ватиканы албан мэдээний дагуу Ромын католик сүмийн тэргүүн асан, Аргентины гаралтай Пап Франциск амьсгал хураахаасаа өмнө сүүлчийн үгсээ хэлсэн байна. Тэрбээр “Намайг талбайд гаргасанд баярлалаа” хэмээн хувийн асрагч Массимилиано Страппеттид хандан хэлсэн нь олон нийтэд хүрлээ.
2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний өглөө 88 насандаа цус харвалтын улмаас нас барсан Пап өмнө нь уушгины давхар хатгалгаагаар эмчлүүлж байсан бөгөөд сүүлийн удаа нийт сүсэгтэн олонтойгоо Гэгээн Петрийн талбайд уулзсан байв.
Нас барахаас өмнөх үйл явдлын дараалал:
- Ням гарагт улаан өндөгний баярын үеэр сүсэгтэн олонтой мэндчилэхийн тулд талбайд гарч ирэхдээ Пап “Би үүнийг хийж чадна гэж бодож байна уу?” хэмээн асрагчаасаа асууж байв.
- Тэрээр 15 минут орчим өөрийн автомашинаар талбайг тойрсон бөгөөд энэ үеэр тун ядруу харагдаж байжээ.
- Үдээс хойш өрөөндөө амарч, оройн хоолыг ч тайван идсэн байна.
- Даваа гарагийн өглөө 5:30 цагийн орчим бие нь огцом муудаж эхэлжээ.
- Тун удалгүй тэр асрагч руугаа гараа даллаж, салах ёс гүйцэтгэсэн бололтой.
- 7:35 цагт түүний нас барсныг Ватиканаас зарласан юм.
Папын нас баралт, Ватиканы мэдэгдэл:
“Тэр огтхон ч зовж шаналсангүй. Бүх зүйл маш хурдан болсон” хэмээн Папын дэргэд байсан эх сурвалжууд мэдэгджээ.
Италийн Засгийн газар тав хоногийн үндэсний гашуудал зарлаж, бямба гарагт түүнийг Гэгээн Петрийн цогчин дуганд оршуулахаар төлөвлөжээ.
Пап Франциск 2013 онд Ромын Папаар сонгогдож, дэлхийн католик шашны удирдагчаар ажилласан анхны Латин Америк хүн байсан юм. Түүний 12 жилийн понтификат олон улсын энх тайван, ядуурал, байгаль орчны асуудлуудыг онцолж байснаараа түүхэнд бичигдэн үлдэнэ.
2 comments
Түүний үгс гүн ул мөр үлдээдэг. Итгэлээс үл хамааран энэ нь хүндэтгэлийг шаарддаг
Маш сэтгэл хөдөлгөм…