Home Гадаад мэдээ Пап лам XIV Леог ширээнд залах ёслолын үеэр дэлхийн улс төрийн хөшигний ард юу болов

Пап лам XIV Леог ширээнд залах ёслолын үеэр дэлхийн улс төрийн хөшигний ард юу болов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Пап лам XIV Леог

2025 оны тавдугаар сарын 18-нд Ром хотод болсон Пап лам XIV Леог Ватиканы сэнтийд залах ёслол ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Барууны ихэнх улсын төр, засгийн тэргүүн нар энэхүү ёслолд оролцсон нь дэлхий нийтийн анхаарлыг татав. Католик сүмийн шинэ тэргүүн ширээндээ заларсныхаа дараа залбирал үйлдэж, Украинд болж буй дайны тухай санаа зовниж буйгаа илэрхийлэн “Зовж, шаналж буй Украин шударга, бат бөх энх тайван тогтох хэлэлцээр эхлэхийг хүлээж байна” гэж мэдэгдсэн.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский шинэ Пап ламын энхийн уриалгыг сайшааж “Шударга энх тайван, бүх ард түмний нэр төртэй амьдралын төлөөх түүний энэ залбирал дэлхийн хүн бүрд хүрэх болтугай” хэмээн онцолсон юм. Ёслолын дараа Зеленский АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзаж, мөн шинэ Пап ламтай албан уулзалт хийжээ.

Үүний зэрэгцээ Германы канцлер Фридрих Мерц Ром хотод Их Британи, Франц, Италийн удирдагчидтай уулзсан байна. Тэрээр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Бид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих уулзалтын өмнө зарим нөхцөлийг хэлэлцэж, хэлэлцээний бэлтгэл хангах шаардлагатай гэж үзсэн” хэмээн мэдэгдсэн. Энэ уулзалтуудын хүрээнд Путин–Трампын уулзалтаас өмнө НАТО болон холбоотнуудын байр суурийг ил тод болгохыг зорьсон нь илт байв.

Германы Засгийн газрын төлөөлөгч Штефан Корнелиус мөн өдөр Европын удирдагчид болон АНУ-ын ерөнхийлөгч Украин дахь дайны нөхцөл байдлын талаар нухацтай хэлэлцсэн талаар мэдээлсэн. Харин Их Британийн Ерөнхий сайдын алба Кэйр Стармер АНУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн ярианд ОХУ гал зогсоох хэлэлцээнд хүчин чармайлт гаргахгүй бол ямар хориг арга хэмжээ авч болох талаар ярилцсан гэв.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон X (хуучнаар Твиттер) хуудсандаа “Путин ерөнхийлөгч маргааш Трампын санал болгосон, Украин болон Европын орнууд дэмжсэн 30 хоногийн болзолгүй гал зогсоох уриалгыг хүлээн зөвшөөрч, энх тайвныг хүсч буйгаа харуулах ёстой” гэж бичжээ.

Германы канцлер Фридрих Мерц ажлаа хүлээн авснаас хойш Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, нэг их наяд еврог цэргийн болон иргэний үйлдвэрлэлд тэнцүү хуваан хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Герман улс дэлхийн II дайнаас хойш анх удаа аж үйлдвэрийн хүчирхэг гүрэн болохоор эргэн ирж буйг илтгэж байгаа бөгөөд тэрээр үүнийг “Герман буцаж ирлээ!” гэж зарласан.

Үүний зэрэгцээ Европын улс төрд Герман улам ил тод байр суурьтай оролцож, Франц болон Итали дэмжигчийн байр суурь эзэлж буй бол Их Британи уламжлалт зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь дэлхийн геополитикийн шинэ тэнцвэрт байдал бүрэлдэхийн эхлэл бөгөөд АНУ, Европ болон Хятадын Төв Азид үзүүлж буй хөрөнгө оруулалтын өрсөлдөөн Монгол Улсад шинэ боломж нээж байгаа юм.

Монгол Улс энэ боломжийг ашиглахын тулд авлигыг зоригтой таслан зогсоож, төгрөгийн ханшийг тогтворжуулж, иргэдийн валютын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд бодитой алхам хийх шаардлагатай байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.