Table of Contents
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2026 оны цуврал тэмцээнүүдийн салхийг хагалж, “Бага дэлхийн аварга” хэмээгддэг Парисын Их Дуулга амжилттай өндөрлөлөө. Франц улсын нийслэлд болсон энэхүү тэмцээнд дэлхийн 78 орны 488 шилдэг жүдоч хүч үзсэнээс манай улсын 15 тамирчин (эрэгтэй 7, эмэгтэй 8) зодоглов.
Монголын баг тамирчид энэ удаагийн тэмцээнээс нэг мөнгөн медаль, нэг шагналт тавдугаар байр хүртсэн амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа.
Тэмцээний гол баатрууд ба медалийн төлөөх тулаан
- Л.Энхрийлэн (Эмэгтэй -63 кг) – Мөнгөн медаль: Тэрээр хэсгийн барилдаануудад Испани, Хорватын бөхчүүдийг илүүрхэн ялж, аваргын төлөөх барилдаанд шалгарсан юм. Шийдвэрлэх барилдаанд олимп, дэлхийн аварга Бразилын Рафаэла Силватай тулж, хэт яарсан довтолгоо хийж байгаад өчиг мэхэнд орон ялагдсан ч манай багийн цорын ганц медалийг авчирлаа.
- Г.Наранцэцэг (Эмэгтэй 48 кг) – V байр: Тэмцээний турш маш идэвхтэй барилдаж, Испанийн шилдэг жүдочийг ялж шөвгийн дөрөвт үлдсэн. Гэвч хагас шигшээ болон хүрлийн төлөөх барилдаанд Хятадын тамирчдад дараалан ялагдсанаар шагналт байрт шалгарав. Жин хасалт нь барилдааны төгсгөлд цуцахад нөлөөлсөн байх магадлалтай байна.
Эмэгтэйчүүдийн ангиллын тойм
- Ж.Анударь (48 кг): Хоёрдугаар тойрогт Хятадын тамирчинд ялагдав. Барьцаа дутуу авч яарч мэх хийдэг алдаагаа засах шаардлагатай харагдлаа.
- М.Нандин-Эрдэнэ (52 кг): Францын нэрт бөх Амандин Бушартай эн тэнцүү үзэж, нэмэлт цагт ялагдсан ч маш сайн барилдаан үзүүлсэн.
- Б.Уранзаяа (52 кг) ба Т.Ариунзаяа (57 кг): Эхний тойрогтоо Унгар, Испанийн тамирчдад ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.
- О.Хүслэн (-78 кг): Францын алдарт бөх Одри Чевмеотой эхний тойрогт таарч, туршлага дутсан байна.
Эрэгтэйчүүдийн ангиллын тойм
- Ө.Жанцандорж (66 кг): Тэмцээний нэгэн сюрприз байлаа. Тэрээр Казахстаны шилдэг бөх Гусман Кыргызбаевыг вазари, юко үнэлгээгээр илт илүүрхэн ялж, ирээдүйтэй залуу тамирчин гэдгээ баталлаа.
- Ё.Басхүү (66 кг): Хоёрдугаар тойрогт Италийн бөхөд ялагдав. Түүний хувьд хурд, тэсрэлт бага зэрэг буурсан нь жин хасалт болон насны онцлогтой холбоотой байж болзошгүй.
- Э.Ариунболд (60 кг): Бразилын бөхийг ялсан ч Азербайжаны Балабай Агаевт гуравдугаар тойрогт хожигдов.
- Бусад тамирчид: Т.Түмэнжаргал (60 кг), О.Уранбаяр (73 кг), Л.Анхзаяа (73 кг), О.Шинэбаяр (81 кг) нар техник болон тактикийн алдаанаас шалтгаалан эрт хасагдлаа.
Тэмцээний ерөнхий дүгнэлт ба сургамж
“Манай тамирчдын хувьд гадны жүдочдын жийж давуулах мэхэнд үнэлгээ алдах, барилдааны төгсгөлд цуцах болон тактикийн хувьд хэт яарч дутуу мэх хийх зэрэг нийтлэг алдаанууд ажиглагдлаа.”
Парисын татами дээр залуу тамирчид ирээдүйтэй гэдгээ харуулсан бол туршлагатай тамирчид бэлтгэлжилтийн арга барилаа эргэн харах шаардлагатайг энэхүү тэмцээн санууллаа.
2 comments
Зарим барилдаан үнэхээр сонирхолтой байсан
Дараагийн тэмцээнд улам сайн байгаасай