Бүрэн танилцуулга нь ирэх долоо хоногт болох бөгөөд цахилгаан прототип нь дөрвөлжин хэлбэрийн жолоодлогын хүрдтэй шинэ удирдлагын систем болон дизайн дахь радикал өөрчлөлтүүдийг агуулжээ.
Peugeot ирээдүйн 208 загварын шинэ үеийн дизайн, технологийн чиг хандлагыг харуулах футурист шоукар Polygon-ыг олон нийтэд үзүүлсэн гэж Carscoops тэмдэглэв. Францын үйлдвэрлэгч Polygon-ыг туршилтын төсөл төдий бус, брэндийн хэв маяг, автомашин бүтээх философийг бүрэн шинэчлэх элч гэж нэрлэж байна.
Одоогийн Peugeot загварууд онцгой харагддагаараа ялгардаг ч Polygon үүнээс ч илүү зоримог шийдлүүдийг харууллаа. Дүрслэлд спорт загварыг санагдуулам, огцом хазайсан салхины шил, сунасан тэнхлэгийн бааз, хөдөлгөөнтэй хажуу силуэт бүхий компакт машин харагдана.
Peugeot-ийн өв уламжлалаас зарим элемент хадгалагдсан хэвээр: гурвалжин хэлбэрийн төв багана, оваль эмблемүүд нь алдарт 205 моделийг сануулна. Гэхдээ үүгээр төгсөнө. Polygon нь сүлжээгүй, гөлгөр нүүртэй бөгөөд энэ нь түүний бүрэн цахилгаан шинж чанарыг илтгэнэ. Хагас шиллэгээтэй дээвэр нь илүү зайтай, тунгалаг мэдрэмж төрүүлдэг ч серийн моделд хүрэх магадлал бага.
Концептийн гол шинэчлэлүүдийн нэг нь steer-by-wire систем. Энэ нь рул болон дугуйн хоорондын уламжлалт механик холболтыг халсан бүрэн электрон удирдлага юм. Peugeot-ийн хэлснээр энэ систем нь ирээдүйн жолоодлогын үндсэн таашаалыг бүрдүүлэх гол технологи гэв.
Polygon-ийн жолооны хүрд нь Hypersquare нэртэй дөрвөлжин хэлбэртэй бөгөөд дөрвөн дугуй нүхтэй. Үүнийг анх 2023 онд Peugeot-ийн өөр нэг концепт дээр танилцуулж байжээ.
2026 оны сүүлээр гарах шинэ үеийн Peugeot 208 нь Stellantis концернийн STLA Small платформ дээр суурилна. Үүнтэй ижил архитектураар шинэ Opel Corsa-г үйлдвэрлэж байна.
Polygon концепт 82 кВт·ц багтаамжтай цэнэг хураагууртай байх төлөвтэй. Энэ нь одоогийн e-208 модель дээрх 52 кВт·ц батарейгаас мэдэгдэхүйц өсөлт юм.
Peugeot Polygon-ийн бүрэн танилцуулга ирэх долоо хоногт болох бөгөөд тухайн үед тус компани техникийн үзүүлэлтүүд болон 208 загварын цахилгаан шинэ үеийн талаарх цаашдын төлөвлөгөөг дэлгэнэ.