“Physical Asia” шоуны Монгол баг аялал жуулчлалын түншээр шалгарлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Physical Asia” шоуны Монгол баг аялал жуулчлалын түншээр шалгарлаа

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Netflix” болон БНСУ-ын “MBC” сувгийн хамтарсан бүтээл болох “Physical Asia” шоу нэвтрүүлэгт Монгол Улсыг төлөөлөн оролцсон баг тамирчид, төслийн багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Монгол багийн амжилтыг Монголыг сурталчлах стратегийн боломж гэж үнэлэв

Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам тэдний оролцоог Монгол Улсыг олон улсад шинэ дүр төрхөөр нь таниулах, улсын нэр хүндийг өсгөх, жуулчдын сонирхлыг татахад чухал хувь нэмэр оруулсан гэж онцлон тэмдэглэж, талархал илэрхийлжээ.

Тэрбээр монгол тамирчдын харуулсан хүч чадал, гүйцэтгэл, сэтгэл зүтгэлээс гадна багийн эв нэгдэл, онцлог зан чанар нь олон улсын үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол хүний тухай ойлголтыг шинэ шатанд гаргасан гэдгийг дурдсан юм. Ингэснээр Монгол Улсыг зөвхөн уламжлалт соёл, байгалиар нь бус, орчин үеийн спорт, сорилтод тулгуурласан шоугаар дамжуулан харуулах шинэ боломж нээгдэж байна гэж үзэж байна.

Аялал жуулчлалын хамтарсан төсөл, ажлууд эхлүүлнэ

Уулзалтын үр дүнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам “Physical Asia” нэвтрүүлгийн Монголын баг, төслийн багтай цаашид аялал жуулчлалыг дэмжих, Монголын брэнд имижийг олон улсад таниулах чиглэлд хамтран ажиллахаар болсон байна.

Энэ хүрээнд баг тамирчдын танигдсан байдал, олон улсын түвшний хандалтыг ашиглан Монголыг сурталчлах контент, арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийг талууд ярилцжээ. Ингэснээр жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монголыг шинэ түвшинд таниулах зорилготой бодит ажлуудын суурь тавигдаж байна.

“Physical Asia” — 46 оронд тэргүүлж буй, Монгол баг хамгийн өндөр хандалтаар үнэлэгдсэн шоу

“Physical Asia” шоу нэвтрүүлэг нь одоогоор дэлхийн 46 оронд үзэлтээрээ тэргүүлж, сая сая үзэгчийг татаж буй дэлхийн хэмжээний контент болоод байна.

Энэ дэлхийн хэмжээний амжилтын дунд Монгол Улсын баг, тамирчдын оролцсон хэсгүүд, тэдний тоглолт хамгийн өндөр хандалт, сошиал хэлэлцүүлэг авч байгаа нь онцгой үзэгдэл болж байна.

Ингэснээр Монголын баг зөвхөн тэмцээний талбай дээрх амжилтаараа бус, Монголын нэрийг олон улсын түвшинд шинэ өнгө төрхөөр таниулах “зөөлөн хүчний” нэг хэлбэр болж байгааг албаныхан онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй