Netflix-ийн «Physical Asia» шоуны сүүлчийн анги өчигдөр /2025.11.18/ гарлаа. Монголын баг хоёрдугаар байрт орж, Өмнөд Солонгосын баг аварга болжээ. Манай улсын багийн ахлагчаар улсын арслан Б.Орхонбаяр ажилласан байна.
Тэрээр шоуны тухай өгүүлэхдээ, “Хамгийн анх 2023 онд над руу холбогдсон. Манай Өсөх-Ирээдүй багш руу холбогдоод “Physical 100” Монголтой хамтрах гэж байна. Бид Б.Орхонбаярыг сонирхож байна. Оруулах хүсэлтэй байна” гэдэг хүсэлт тавьсан. Би тухайн үед “Алдар” спорт хороонд бэлтгэлтэй байсан учраас тэндээ цаг товлоод уулзсан. Түүнээс хойш жилийн дараа буюу 2024 оны наадам өнгөрөөд, намар нь дахиж холбогдоод “яг албан ёсны сонгон шалгаруулалт эхэллээ. Солонгосоос Netflix-ийн баг нь ирсэн. Уулзалтууд товлож байна, сонгон шалгаруулна” гэсэн. Ингэж уулзалтууд эхэлсэн.

Netflix-ийн том шоунд оролцох санал тавьж байгаа учраас Монгол Улсаа, үндэсний бөхийн спортоо төлөөлөн оролцож яагаад болохгүй гэж гэж бодсон. Дэлхийд үндэсний бөх гэж ийм спорт байгаа шүү гэдгийг харуулахыг хүссэн.
Шоундаа зориулж бол бэлтгэл хийгээгүй. Өдөр тутамдаа бэлтгэл сайн хийдэг учраас тэр бэлтгэлээ сайн хангасан. Ямартай ч баг, багаараа өрсөлдөнө гэдэг ойлголт байсан учраас багаар ажиллах даалгаврууд түлхүү ирэх байх гэж дотроо бодсон. “Physical 100”-ийн нэг, хоёрдугаар бүлэг дээр ирсэн даалгаврууд ирэхгүй байх гэж бас бодсон.
Ямар даалгавар ирэхийг урьдчилж мэдэхгүй учраас даалгавраа мэдээд маш богино хугацаанд сэтгэж, бодож, тактик боловсруулна. Багийнхаа ахлагч болчихсон учраас тодорхой хэмжээнд үүрэг хариуцлага илүү үүрсэн.
Турк, Япон хоёртой өрсөлдсөн даалгавар дээр алдах эрх байгаагүй. Хожигдвол шууд хасагдахаар байсан. Тиймээс яаж ийгээд хоёрт орохын төлөө бүх хүчээ шавхсан.
Манай монголчууд эрт дээр үеэсээ нүүдэлчин байсан. Холоос гэнэтхэн “идэж” юм хийдэг байсан шүү дээ. Яг түүнтэй адил ойлголцоход амархан байсан болов уу гэж бодоод байгаа. Ер нь биеийн хүчээр илүү гараагүй, дутуу байсан байх. Гэхдээ багийн нэгдэл, нэг нэгэндээ итгэх итгэл, тактик, хар ухаан нь арай илүү байсан болов уу. Бүх л даалгавар тэсвэр тэвчээр шалгаж байгаа шүү дээ. Тэр болгон дээр илүү тэсвэр тэвчээртэй учраас л тэсэж үлдэж байна гэсэн үг. Дэлхийн тамирчдаас нэг их дутаад байх зүйлгүй гэдгээ бид ойлгосон. Бүх талаараа үзвэл үзэхээр л юм байна гэж дотроо бодсон.
Эргэн тойронд 500 гаруй зураглаач, камер байсан байх. Тэр болгоны өмнө шантарвал шантрахаар үеүд байсан. Гэсэн ч камер руу харахаар л Монгол харагдаад яах аргагүй тэвчээр заасан даа. Жүдогийн Адъяа маань хүч, бяраар хань болсон. Эмэгтэй хүн ингэж тэвчээр зааж байхад би үүнээс илүү байх ёстой гэдэг байдлаар их урам зориг авч байсан. Тэмцээнд оролцсон бүх хүмүүстэйгээ ах, дүүс сайхан найзууд болсон. Сайхан дурсамж болж, сэтгэлд хоногшиж үлдлээ” гэжээ.
Б.Орхонбаярын ярианы гол санаанууд:
- 2023 онд шоуны баг холбогдож, оролцох санал тавьсан.
- Бэлтгэлээ өдөр тутмын ажлаараа хангасан, шоуны даалгавруудыг урьдчилан таамаглаагүй.
- Багийн нэгдэл, хар ухаан, тэсвэр тэвчээр гол түлхүүр байсан.
- Камер, зураг авалтын өмнө Монголын төлөө тэвчиж, урам зориг авч байсан.
- Тэмцээний дараа бүх оролцогчидтой сайхан нөхөрлөл үүсгэсэн.
1 comment
Шоуны ар талын үйл явц сонирхолтой санагдлаа