Table of Contents
Америкийн “Netflix” стриминг платформоор цацагдсан “Physical: Asia” хүч чадал, авхаалж самбааг сорьдог реалити тэмцээний төгсгөлийн анги өнгөрсөн сард олон нийтэд хүрсэн ч оролцогчид нь өнөөг хүртэл дэлхийн үзэгчдийн анхаарлын төвд байсаар байна. “The Physical: 100” шоуны үргэлжлэл болсон энэхүү төсөлд найман орны шилдэг тамирчид өөрсдийн тэсвэр хатуужил, хурд хүч, техник, оюун ухааныг сорьсон билээ. 11 дүгээр сарын 18-нд гарсан финалын шатанд Өмнөд Солонгосын болон Монголын багүүд финалын байрын төлөө мөр зэрэгцэн өрсөлдсөн юм. Үүнээс хойшхи долоо хоногуудад уг реалити шоуны шүтэн бишрэгчид Монголын багийг онцлон дэмжиж, олон нийтийн сүлжээнд тэднийг дагах, тэдэнд зориулсан контент түгээх нь эрс нэмэгджээ.
Өмнөд Солонгосын энтертайнментын баг дэлхий даяарх шүтэн бишрэгчдийн “Монголын багийг дахиад, илүү урт форматаар үзмээр байна” гэсэн хүсэлтийг анзаарсан байна. Ингэснээр “Physical: Asia”-гийн продакшн баг аяллын шинэ цуврал бүтээхээр шийдэж, Монголын нийслэл Улаанбаатар хотыг зорих болсон талаар “Netflix Korea” байгууллага энэ сарын 3-нд мэдээлсэн юм. Тиймээс “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийн талаар урьдчилан мэдэж байх ёстой гол мэдээллүүдийг доор нэгтгэн хүргэе.
“Physical: Welcome to Mongolia” хэзээ цацагдах вэ?
“Netflix” компани дөрвөн ангит “Physical: Welcome to Mongolia” тусгай цувралыг энэ оны сүүл үеэр гаргана гэж албан ёсоор зарлаад байна. Гаргах хуваарийн дагуу эхний хоёр анги нь 2025 оны 12 дугаар сарын 24-нд, харин сүүлийн хоёр анги нь 12 дугаар сарын 31-нд платформ дээр нийтлэгдэхээр төлөвлөгдсөн байна.
Хэдийгээр эдгээр тусгай ангийг дэлхий даяар нэгэн зэрэг нээх эсэхийг стриминг платформ одоогоор албан ёсоор баталгаажаагүй байгаа ч “Physical: Asia” шоутай адил олон улсын үзэгчдэд нээлттэй гарах өндөр магадлалтай гэж салбарын ажиглагчид үзэж байна.
“Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэгт хэн хэн оролцох вэ?
“Netflix”-ийн “Instagram” хуудсанд нийтлэгдсэн танилцуулга, сурталчилгаанаас харвал “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэгт Өмнөд Солонгосын багийн ахлагч Ким Дун Хён, “Physical: 100” шоуны хоёрдугаар улирлын ялагч Амотти, Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, акробатын төрлийн тамирчин Э.Лхагва-Очир нар дахин оролцохоор болжээ.
Мөн эх хувилбар болох “Physical: Asia” шоунд хүч үзсэн Монголын бүрэлдэхүүний ихэнх гишүүд буюу жүдогийн тамирчин А.Адьяасүрэн, сагсан бөмбөгийн тоглогч Э.Дөлгөөн, волейболын тамирчин Г.Хандсүрэн нар ч гарч ирэх төлөвтэй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамаглаж байна. Гэсэн хэдий ч холимог тулаанч Б.Энх-Оргил цувралд оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Тэрбээр зураг авалтын үеэр Тайландад болсон “One Championship” холбооны тулаанд хүч үзэж, аваргын бүсийг хүртсэн тул нэвтрүүлэгт оролцох боломж нь давхцсан байж болзошгүй гэж дурджээ.
Үүнээс гадна “Physical: Asia” реалити шоуны үеэр үзэгчдийн хамгийн их таашаасан оролцогчдын нэг Австралийн хүчирхэг тамирчин Монголд ирсэн байна. Тодруулбал, “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үеэр авсан албан ёсны гэрэл зургууд дээр Австралийн багийн тамирчин Эдди Уильямс харагдсан нь түүний зураг авалтад оролцож буйг баталжээ.
“Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийн агуулга ямар байх вэ?
“The Chosun Daily” сонинд мэдээлснээр “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэг нь Монголын багийн ахлагч Б.Орхонбаярын бэлтгэсэн аяллын маршрут, хөтөлбөрийг даган урагшлах бөгөөд тэрээр Ким Дун Хён, Амотти нарт “Монгол эх орон”-оо өөрийн өнцгөөс таниулах юм. Сонины тодорхойлон бичсэнээр, уг цуврал нь “Монгол контентод ихэвчлэн харагддаг ердийн зүйлс бус, харин монголчуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газрууд болон тэдний байнга очдог алдартай хоолны газруудыг харуулсан “жинхэнэ монгол маягийн аялал”-ыг үзүүлэхээ амлаж байна” гэжээ.
Мөн нэвтрүүлэгт Монголын уудам хээр тал, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, нум сум харвах, морь унах зэрэг уламжлалт соёлын элементүүдийг туршиж үзэхийн зэрэгцээ Монголын багийн тамирчдын өдөр тутмын амьдрал, хувийн санаачилгатай арга хэмжээг харуулах хэсгүүд багтах аж. Тухайлбал, “Орхонбаярын бэлтгэлийн онцгой аргууд”-ыг танилцуулах, Э.Лхагва-Очирын бэлтгэсэн “монгол гэр бүлийн гэрийн хоол”-оор зочдыг дайлах зэрэг нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татах хэсгүүдийн нэг болох төлөвтэй байна.
1 comment
Жуулчдад манай орон их өвөрмөц санагддаг байх даа