Home Гадаад мэдээ PKK бүлэглэл зэвсэгт тэмцлээ зогсоож, Турктэй хийсэн олон арван жилийн мөргөлдөөнд цэг тавив

PKK бүлэглэл зэвсэгт тэмцлээ зогсоож, Турктэй хийсэн олон арван жилийн мөргөлдөөнд цэг тавив

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
PKK

Курдистаны Ажилчны Нам (PKK) олон жилийн турш Туркийн эсрэг явуулж ирсэн зэвсэгт тэмцлээ албан ёсоор зогсоох шийдвэрийг 2025 оны 5 дугаар сарын 13-нд зарлаж, үйл ажиллагаагаа бүрэн зогсоож байгаагаа мэдэгдлээ.

Энэ шийдвэр нь PKK-гийн 12 дугаар их хурлаар гарсан бөгөөд тус бүлэглэл асуудлыг зэвсгийн хүчээр бус, “ардчилсан улс төрийн замаар шийдвэрлэх боломжтой” гэж үзсэнтэй холбоотой аж.

Шийдвэрийн хэрэгжилтийг одоогоор Туркийн хорих ангид хоригдож буй тус байгууллагын удирдагч Абдулла Ожалан удирдан зохион байгуулах юм.

Гэсэн ч энэ шийдвэр нь PKK-ийн Ирак, Сири, Иранд байрлах салбаруудын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, зэвсэг хураах ажиллагаа хэрхэн хэрэгжих, идэвхтэй зэвсэгт дайчдын хувь заяаг хэрхэн шийдэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.

PKK-гийн мэдэгдэлд дурдсанаар, “Турк-Курдийн харилцааг сэргээх нь зайлшгүй” бөгөөд тэдний энэ шийдвэрт бүс нутагт өрнөж буй геополитикийн үйл явдал нөлөөлсөн болохыг тэмдэглэжээ.

Мөн мэдэгдэлд Туркийн төр, засгийн газар болон улс төрийн намуудад хандан энх тайван, ардчилсан тогтолцоог цогцлоох үйл хэрэгт хариуцлагатайгаар оролцохыг уриалсан байна.

Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газраас энэхүү мэдэгдлийг “терроризмоос ангид Турк улс” байгуулах үйл явцын нэг чухал ахиц хэмээн үнэлж, цаашид энэхүү замналыг тууштай үргэлжлүүлэхээ илэрхийлжээ.

Мөн эрх баригч Шударга ёс, Хөгжлийн намын төлөөлөгч энэхүү үйл явдлыг “шинэ үеийн эхлэл байж магадгүй” гэж тодорхойлсон байна.

PKK бүлэглэл нь 1978 онд Абдулла Ожаланы удирдлага дор байгуулагдаж, 1984 оноос хойш Турк улсад салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Энэхүү мөргөлдөөн нь ихэвчлэн Туркийн зүүн өмнөд нутгуудад өрнөж байжээ.

Сүүлийн жилүүдэд PKK зэвсэгт тэмцлээс илүүтэйгээр курд үндэстний өөртөө засах эрх, хэл, соёлын эрх чөлөөг хөндсөн улс төрийн агуулгатай байр суурь илэрхийлэх болсон байна.

2025 оны гуравдугаар сард Ожалан өөрийн дайчдад зэвсгээ хураах, тарахыг уриалсны дараа тус бүлэглэл гал зогсоох шийдвэр гаргасан юм.

PKK-ийн тэмцэл үргэлжилсэн олон арван жилийн хугацаанд хамгийн багадаа 40,000 хүний амь үрэгдсэн гэж үздэг.

Тус бүлэглэл болон Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы хоорондын харилцаа олон удаа ээдрээтэй байсан. Эрдоган засаглалынхаа эхэн үед курд иргэдийн эрхийг өргөжүүлэх алхмууд хийж, эх хэлний хязгаарлалтыг цуцалж байв. 2013 онд тэрбээр Курдийн HDP намтай богино хугацаанд хамтран ажилласан ч, 2015 оноос PKK-ийн эсрэг ажиллагааг эрчимжүүлж эхэлсэн юм.

Курд үндэстэн бол Туркийн хамгийн том үндэстний цөөнх бөгөөд нийт хүн амын 15-20 хувийг бүрдүүлдэг. Түүнчлэн Сири, Ирак, Иран зэрэг оронд ч мөн олон мянган курд үндэстэн оршин суудаг.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.