Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа уран бүтээлийн замналаа эхлүүлснээс хойшх 40 жилийн ойгоо тохиолдуулан сонсогч фенүүддээ томоохон бэлэг барихаар зэхэж байна. Энэхүү түүхэн баярын тоглолт нь 2026 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Амьдрал намайг дуунд уяраажээ” нэртэйгээр зохион байгуулагдах бөгөөд рок поп урлагийн нэгэн үеийн түүхийг нэг дор харуулах юм.
Урлагийн замналын түүхэн товчоон
“Сараа” хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн поп хатагтай өмнө нь өөрийн ойн баяруудаа тухайн цаг үеийнхээ хамгийн том заал, танхимуудад сонсогч олонтойгоо тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ удаагийн 40 жилийн ойн тоглолт нь түүний урлагт зориулсан бүхий л амьдрал, дурсамж, хөдөлмөрийг нэгтгэсэн хамгийн өргөн цар хүрээтэй, задгай талбайн шоу болох нь тодорхой байна.
Түүний өмнө нь хийж байсан ойн тоглолтуудыг дурдвал:
- 1996 он: “Хайрын бурхан 10 жил” тоглолт Соёлын Төв Өргөөнд болсон.
- 2016 он: “30 жил урлагт” хүндэтгэлийн тоглолт “Corporate Convention Hall”-д болсон.
- 2026 он: “Амьдрал намайг дуунд уяраажээ” 40 жилийн ойн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Тоглолтын онцлог ба сюрпризүүд
Дөчин жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөж, Монголын хөгжмийн урлагийн ноён оргилуудын нэг болсон тэрбээр энэ удаад өөрийн хит болсон 40 дууг сонгон дуулж, үзэгчдийг нэгэн үдэш аялгуунд умбуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох уг тоглолтын тайз засалт, дууны найруулга болон гэрэлтүүлэг нь дэлхийн жишигт нийцсэн өвөрмөц шийдэлтэй байх бөгөөд дуучин маань өмнө нь хэзээ ч харуулж байгаагүй шинэ дүр төрхийг бэлдсэн байна.
МУГЖ Б.Сарантуяа: “40 жилийн ойн тоглолтоороо 40 дуу дуулж, урьд өмнө үзэгч та бүхний харж, сонсож байгаагүй Сарааг үзүүлэхийг хичээнэ, эрмэлзэнэ.”
Энэхүү тоглолт нь зөвхөн нэг дуучны баяр төдийгүй Монголын рок, поп урлагийн үе үеийн төлөөллүүд, гэр бүл, найз нөхөд болон үнэнч сонсогчдынх нь хувьд нэгэн том цугларалт, баяр болон үлдэх юм.