Потанины мөсөн гол, Чихачёвын нуруу зэрэг нэрийг монголоор шинэчилж батлуулах шийдвэр дэмжив

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Потанины мөсөн гол, Чихачёвын нуруу зэрэг нэрийг монголоор шинэчилж батлуулах шийдвэр дэмжив

Засгийн газар газар зүйн нэрийн өөрчлөлтийг УИХ-ын тогтоолд тусгуулахаар хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанаар Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах зарим газар зүйн нэрийг өөрчлөх, уламжлалт нэрүүдийг нэмж батлуулах зорилгоор Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.

Монгол хэлний хууль, Үндсэн хуулийн заалттай уялдуулж нэршлийг засварлана

Монгол Улсын Үндсэн хуулийн Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж хуульчилсан. Мөн Монгол хэлний тухай хуулийн 6.1.7-д “Газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаяг”-ийг монгол хэлээр хөтлөн явуулна гэж заасан байна.

Гэвч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын судалгаагаар зарим газар зүйн нэрийг монгол хэлнээс өөр хэлээр (орос, казак, тува зэрэг) нэрлэж баталсан, мөн багийн нэрийг казах хэл дээр батлуулсан зөрчил илэрсэн гэж мэдээлжээ.

319 нэрийн монгол оноосон нэрийг судалгаагаар тогтоожээ

Дээрх зөрчлийг үндэслэн Шинжлэх ухааны академи, Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон бусад байгууллагатай хамтран 2023 онд судалгаа хийж, монгол хэлнээс өөр хэл дээр нэрлэгдэн батлагдсан 319 газар зүйн нэрийн монгол оноосон нэрийг хээрийн болон суурин судалгаагаар тогтоосон байна.

Зарим нэршлийн өөрчлөлтийн жишээ

Тухайлбал дараах нэршлийг монголоор шинэчилж хэрэглэхээр тусгажээ.

  • Потанины мөсөн гол гэснийг Хүйтэний мөсөн гол гэж
  • Жолт уул гэснийг Ёлт уул гэж
  • Чихачёвын нуруу гэснийг Сийлхэмийн нуруу гэж

Баян-Өлгийд албан ёсоор батлагдаагүй 47 нэрийг илрүүлжээ

Баян-Өлгий аймгийн нутагт Монгол Алтайн нурууны мөсөн бүрхүүл бүхий зарим уул, оргил, толгой (жишээлбэл “Доод хоног толгой”, “Суварга оргил”, “Бүргэд оргил”, “Наран оргил”, “Өлгий оргил”, “Хар Ямаат уул” зэрэг) нь уулчид болон дотоод, гадаадын аялагчдын дунд олон жил хэрэглэгдэж ирсэн ч албан ёсоор батлагдаагүй байсан 47 газар зүйн нэрийг хээрийн судалгаагаар илрүүлсэн байна.

Сүхбаатар аймагт батлагдаагүй болон алдаатай нэрийн тоо өндөр гарчээ

Сүхбаатар аймгийн 13 сумын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг 2021-2022 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлжээ. Үр дүнд нь:

  • 1980-1984 онд хийгдсэн хээрийн тодруулалтаар 1:100000-ны байр зүйн зураг дээр тэмдэглэгдэж, өнөөдрийг хүртэл ашиглагдаж буй боловч УИХ-аар батлагдаагүй 940 нэр
  • 2021-2022 онд шинээр тогтоосон уламжлалт 1080 нэр
  • УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор үг, үсгийн зөрүүтэй, хэл бичгийн дүрмийн алдаатай батлагдсан 45 нэр

байгааг тогтоосон гэж мэдээлэв.

Нийт 364 нэрийг засварлаж, 2,067 нэрийг шинээр батлуулах зорилт тавив

УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан 364 нэрэнд өөрчлөлт оруулж, нэмэлт 2,067 газар зүйн нэрийг шинээр батлуулах гэж байна.

Газар зүйн нэр нь соёлын биет бус өвд хамаардаг

Газар зүйн нэрийн асуудлыг Геодези, зураг зүйн тухай хууль, Газрын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль зэрэг нийт 11 хууль зохицуулдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу газар зүйн нэр нь соёлын биет бус өвд хамаардаг бөгөөд Монгол Улс 2005 онд нэгдэн орсон ЮНЕСКО-ийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцийн хүрээнд газар зүйн нэрийг хамгаалах, мөн Монгол хэлний тухай хуулийн дагуу монгол хэлээр тэмдэглэгдсэн нэршлийг өвлүүлэн үлдээж ашиглуулах үүрэгтэй гэж мэдээлэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй