Home СпортPSG-ийн түүхэн ялалтын дараа Парист үймээн дэгдэж, хоёр хүн амь насаа алдаж, 500 гаруй хүн баривчлагджээ

PSG-ийн түүхэн ялалтын дараа Парист үймээн дэгдэж, хоёр хүн амь насаа алдаж, 500 гаруй хүн баривчлагджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
PSG

Францын “Парис Сэн-Жэрмэйн” (PSG) баг Европын Аваргуудын лигийн 2024/25 оны улирлын финалын тоглолтод Италийн “Интер”-ийг 5:0-ээр бут ниргэж, клубын түүхэндээ анх удаа Аваргуудын лигт түрүүлсэн түүхэн амжилтаа тэмдэглэж байна. Тоглолт Германы Мюнхен хотын “Альянц Арена”-д болж өнгөрсөн ч ялалтын дараа Парис хотод ноцтой эмх замбараагүй байдал үүсжээ.

Францын хэвлэлүүдийн мэдээлснээр, Елисейн талбайд баяраа тэмдэглэхээр цугласан олон мянган фанатын дунд мөргөлдөөн дэгдэж, үүний улмаас хоёр хүн амь насаа алдсан байна. Нас барсан хүмүүсийн нэг нь 17 настай хүү бөгөөд түүнийг цээжиндээ хутгалж хөнөөсөн бол цагдаагийн 18 алба хаагч шархаджээ. Мөн 500 гаруй хүн баривчлагдаж, 624 автомашин шатаан, 692 удаагийн гал түймэр гаргасан ноцтой гэмт хэргүүд бүртгэгджээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон PSG-ийн тоглогчдийг хүлээн авч уулзсан бөгөөд “Энэ бол бүх нийтийн баяр байх ёстойгоос биш эмх замбараагүй, бүдүүлэг танхайрлын эх үндэс байж болохгүй” хэмээн онцолжээ. Тэрбээр өөрөө “Марсель” багийн үнэнч фанат гэдгээрээ олонд танигдсан ч PSG-ийн амжилтыг улс орны бахархал гэж үзсэн байна.

Харин Францын Дотоод хэргийн сайд Бруно Рэтайо болсон явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, “Фанатууд бол баярлаж догдолж байгаа жинхэнэ дэмжигчид. Харин энэ гудамжинд болсон бүдүүлэг үймээнд оролцсон хүмүүс бол гэмт хэрэгтнүүд. Ийм хүмүүсийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Зүүний радикал намын төлөөлөгч Антуан Леомен уг байр суурийг шүүмжилж, “Иргэд рүү нулимс асгаруулагч хэрэглэх нь аюултай. Бурууг бусдад нялзаахын оронд Рэтайо өөрөө хариуцлага хүлээх ёстой” гэж мэдэгджээ.

Финалын тоглолтын үеэр PSG-ийн ахлах дасгалжуулагч Луис Энрикегийн охинтой хамт байгаа зураг бүхий том баннер үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлсэн. Түүний охин хэдэн жилийн өмнө өвчний улмаас таалал төгссөн бөгөөд дасгалжуулагч түүний дурсгалыг хүндэтгэж, охиныхоо гэрэл зургыг үргэлж авч явдаг гэдгийг өмнө нь онцолж байжээ.

Хөлбөмбөгийн талбай дээр ч мөн адил бахдам амжилтууд үргэлжилсэн. Тоглолтод хоёр гоолын дамжуулалт өгсөн Усман Дембеле улирлын туршид 33 гоол оруулсан бөгөөд хожлын шийдвэрлэх мөчүүдэд тоглолтын хувь заяаг өөрчилж чадсан гол тоглогчдын нэг байв. Тэрбээр Аваргуудын лигийн улирлын шилдэг тоглогчоор тодорч, “Алтан бөмбөг”-ийн гол нэр дэвшигчдийн эгнээнд бичигдэж эхэлжээ.

Луис Энрике түүний талаар “Хүмүүс ‘Алтан бөмбөг’-ийн талаар ярьж байгаа нь зүй ёсны хэрэг. Би энэ шагналыг Усман Дембелед өгөхийг хүсэж байна. Тэр бол манай багийн лидер. Гэхдээ маш даруухан залуу” хэмээн онцолсон юм.

PSG энэ улиралд гурван цом хүртэж, Европын хөлбөмбөгийн хамгийн оргил амжилтыг үзүүлснээр зөвхөн спортын биш, улс орны хэмжээнд баярын уур амьсгал бий болгосон ч тухайн баяр нь харамсалтайгаар эмх замбараагүй байдалд шилжсэн нь Францын нийгэмд ноцтой асуудал хөндөгдөж буйн илэрхийлэл боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.