АНУ-д зохион байгуулагдаж буй клубуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтын үр дүнд Францын «Парис Сен-Жермен» баг Испанийн алдарт “Реал Мадрид”-ыг 4:0 харьцаагаар илт давуу ялж, аваргын төлөө өрсөлдөх эрхээ авлаа. Энэ ялалтын дараа тэд Английн “Челси” багтай хүч үзэх юм.
Тоглолт Нью-Жерси мужийн Ист-Ратерфорд хотод болсон бөгөөд замын хөдөлгөөний саатлаас болж тоглолт 10 минут хоцорч эхэлсэн байна. Түүнээс үл хамааран “ПСЖ” тоглолтын эхнээс давамгайлж, эхний 24 минутын дотор гурван гоол оруулжээ. Энэ нь “Реал Мадрид” багийн хувьд 2003 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа ийм богино хугацаанд гурван гоол алдсан тохиолдол болжээ.
Тоглолтын гол үйл явдлууд:
- Фабиан Руис 6 болон 24 дэх минутад хоёр гоол оруулж, дубль хийв.
- Усман Дембеле 9 дэх минутад тоог нэмэгдүүлсэн.
- Гонсалу Рамуш 87 дахь минутад тоглолтыг дөрөв дэх гоолоор дуусгав.
“Реал”-ын хамгаалагчид болох Даниэль Карвахаль, Эдер Милитао нар өвдөгний бэртлээсээ эдгэсний дараа хоёрдугаар хагасд сэлгээгээр талбайд гарсан бол багийн ахмад тоглогч Лука Модричийн хувьд энэ нь “Реал”-ын бүрэлдэхүүнд хийсэн сүүлчийн тоглолт болж бүртгэгдлээ. Харин “ПСЖ”-ийн хаалгач Матвей Сафонов энэ тоглолтод оролцоогүй, сэлгээн дээр сууж өнгөрүүлжээ.
Финалын тоглолтын тухай:
Финал долоодугаар сарын 13-нд болох бөгөөд “ПСЖ” баг Английн “Челси”-тэй аваргын төлөө тоглоно. “Челси” хагас шигшээ шатанд Бразилийн “Флуминенсе”-г 2:0 харьцаагаар ялж, финалд шалгарсан юм.