Бээжин хотод Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойд зориулсан Хятадын цэргийн томоохон парад өнөөдөр болж, дэлхийн 20 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд оролцов.
Тяньаньмэний талбайн индэр дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр талдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарыг байрлуулсан нь Өрнөдийн орнуудад улс төрийн дохио өгч буй хэрэг гэж шинжээчид тайлбарлаж байна.
Энэ дүр зураг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын анхаарлыг мөн татжээ. Тэрбээр өөрийн сошиал хуудсанд:
“Америкийн Нэгдсэн Улсын эсрэг хуйвалдаанд оролцож буй Владимир Путин, Ким Жон Ун нарт халуун мэндчилгээ дэвшүүлмээр байна” хэмээн бичиж, таагүй байр сууриа илэрхийлсэн байна.
Мөн Трамп Ши Жиньпинд хандан Хятад улс эрх чөлөөгөө олоход АНУ-ын үзүүлсэн дэмжлэгийг сануулжээ.
“Хятад улсын ялалт, алдар гавьяаны төлөө тэмцэлд олон америк хүн амиа алдсан. Тэдний эр зориг, золиослолыг хүндэтгэж, дурсаж байгаа гэдэгт найдаж байна. Ши дарга болон Хятадын гайхамшигт ард түмэн энэ өдрийг сайхан тэмдэглэж өнгөрүүлэх болтугай” хэмээн тэр мэдэгдэлдээ дурджээ.
Энэ бүх үйл явдал АНУ, Хятад хоёрын өрсөлдөөн хурцдаж, дэлхий хоёр блокт хуваагдаж буй цаг үед өрнөж байна. Ажиглагчдын үзэж буйгаар, Ши Жиньпин парадыг улс төрийн боломж болгон ашиглаж, АНУ-ын худалдааны бодлогоос болж холбоотнуудтайгаа харилцаа муудаж буй энэ үед Хятадыг илүү найдвартай, хүчирхэг гүрэн мэтээр харуулахыг зорьж байна.