Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар 34 асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдааны үр дүнг “20 минутын хот” үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэн танилцууллаа.
Тэрбээр яриандаа түгжрэлийг бууруулах асуудал, төлөвлөлтийн чанар, томоохон дэд бүтцийн төслүүдийг онцлон дурдсан юм. Тэрээр хэлэхдээ:
“Гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг ирэх долоо хоногийн Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөж байна” гэв.
Мөн олон жил яригдсан “Хот төлөвлөлт 2040” бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барьсныг дурдаж, үүнийг Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулахын тулд хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулсан болохыг тайлбарлав. Үүний дараа дэд бүтэц, хөрөнгө оруулалтын зураг төслүүдийн дарааллыг үр дүнтэйгээр төлөвлөж болохыг онцлов.
Түгжрэлийг бууруулах бодит шийдэл талаарх мэдээллийг тэрээр илүү тодорхой өгсөн. “Туулын хурдны замын тендерийг зургаадугаар сарын 19-нд нээнэ. Ямар нэг гацаа саад гарахгүй бол бүтээн байгуулалт 22 сарын хугацаанд хийгдэнэ” хэмээн мэдэгдээд:
“Түгжрэл бол нэг зуны дотор шийдчих асуудал биш. Гэхдээ Туулын хурдны зам болон тойрог замыг хийж чадвал бидний тооцоогоор түгжрэл 50 хүртэл хувиар буурах боломжтой” хэмээн онцлов.
Тэрчлэн, эдгээр томоохон бүтээн байгуулалтыг хурдан хугацаанд хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байгааг дурдсан юм.