Home Гадаад мэдээ Ромын пап Францисыг энэ бямба гарагт оршуулах ёслол болно

Ромын пап Францисыг энэ бямба гарагт оршуулах ёслол болно

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
пап Францисыг

Ромын католик сүмийн удирдлагууд өчигдөр хуралдаж, нас барсан Пап лам Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Сүсэгтнүүд, ард иргэдэд түүний шарилд хүндэтгэл үзүүлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулахаар тогтжээ.

88 насандаа тархинд цус харваж, зүрхний дутагдлаар тэнгэрт хальсан Пап Францисын хувьд он гарсаар хоёр уушгины хатгалгаа тусч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд удаагүй байсан юм. Тэр хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баяраар Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж, олон нийтийн өмнө гарсан нь болж өнгөрсөн байв.

Пап Францис гэрээслэлдээ Гэгээн Петрийн биш, харин Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг хүссэн тухай Ватиканаас мэдээлжээ. Тэрээр Ромын папуудын түүхэнд анх удаа Европын бус орон болох Аргентины иргэн байсан бөгөөд түүний дурсгалыг хүндэтгэн төрөлх Аргентин болон хөрш Бразилд долоо хоногийн гашуудал зарласан байна.

Дэлхийн олон орны төрийн тэргүүн нар энэ оршуулгын ёслолд оролцохоо мэдэгдээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргийтэйгээ хамт Ромд очиж оршуулгад оролцоно гэдгээ илэрхийлсэн нь албан үүрэгтээ эргэн орсноос хойш хилийн дээс алхах анхны тохиолдол болж байгааг хэвлэлүүд онцолжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Бразилийн Ерөнхийлөгч Лула да Сильва, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгын ёслолд оролцохоор төлөвлөж байгаа бол Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский оролцох эсэх нь хараахан батлагдаагүй байгаа аж.

Дэлхийн 1.4 тэрбум католик шашинтны тэргүүн Пап Францисын дараагийн залгамжлагчыг сонгох конклав буюу сонгууль түүнийг нас барснаас 15-20 хоногийн дараа эхэлдэг уламжлалтай. Иймд энэ удаагийн Папын сонгууль тавдугаар сарын 6-наас хойш эхлэх төлөвтэй байна. Энэхүү сонгууль нь нууц байдалд, маш хатуу дэг журмын дагуу явагддаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс 135 кардинал оролцох эрхтэй байдаг.

You may also like

2 comments

Сунигул 4 сар 24, 2025 - 12:21 pm

Амар амгалан байгаарай… Тэрээр амьдралынхаа туршид олон сайн зүйлийг хийсэн

Reply
Мэнду 4 сар 24, 2025 - 12:51 pm

Гунигтай мэдээ. Ёслолыг нэр төртэй хийцгээе – тэр хүндэтгэлтэй байх ёстой

Reply

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.