Саудын Арабын Про лиг өнгөрсөн Даваа гарагт өндөрлөж, Португалын алдарт довтлогч Криштиану Роналдугийн ирэх улирлын талаарх цуурхал дахин хүчээ авч эхэллээ. Сүүлийн гурван улиралд «Аль Насср» багийн төлөө тоглосон тэрээр ирэх улиралд шинэ багт шилжих болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Гол баримтууд:
- Роналдугийн гэрээ энэ зун дуусгавар болж байна. Сүүлийн тоглолтод “Аль Фетах”-тай тоглож (2:3 хожигдсон), тэрээр багийнхаа төлөө 1 гоол оруулсан.
- “Аль Насср” энэ улиралд цом хүртэж чадсангүй. Хүснэгтэд “Аль Иттихад”-аас 13 оноогоор хоцорч, гуравдугаар байрт орсон ч Азийн Аваргуудын лигт өрсөлдөх эрхээ авчээ.
- Лигийн мэргэн бууч: Роналду 25 гоолтойгоор улирлыг өндөрлүүлж, Саудын лигийн хамгийн олон гоолтой тоглогчоор шалгарсан.
- Статистик: 2022 онд «Аль Насср»-т ирснээс хойш 105 тоглолтод 93 гоол оруулсан.
- Шинэ санал: Испанийн “Marca” мэдээлснээр Бразилаас ирсэн нэгэн нэрээ нууцалсан баг Роналдуд санал тавьжээ. Тэр баг нь ирэх улиралд клубийн ДАШТ-д оролцох эрхтэй гэгдэж байна.
Болзошгүй багууд:
- Ботафого
- Флуминенсе
- Фламенго
- Палмейрас
Домогт хөлбөмбөгчин аль багийг сонгох нь одоогоор тодорхойгүй байгаа ч шинэ сорил, шинэ амжилт түүнийг хүлээж байна.