С.Бямбахорлоо: Хувийн хэвшлийн цалин нэмэх боломж байхгүй болсон, НДШ татварын ачаалал болж хувирлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
С.Бямбахорлоо: Хувийн хэвшлийн цалин нэмэх боломж байхгүй болсон, НДШ татварын ачаалал болж хувирлаа

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайд Г.Занданшатар уулзаж, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, татварын шинэчлэлийн талаар санал солилцлоо. Уулзалтад Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Монгол дахь Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон байна.

Татварын шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчин

Ерөнхий сайд уулзалтын эхэнд хувийн хэвшлийн үүрэг оролцоо, тэдний санал санаачилга хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн суурь өөрчлөлт хийхэд чухал болохыг онцолсон юм. Засгийн газар татварын багц хуулийн шинэчлэл болон “Баялаг бүтээгчдийг дэмжих тухай” зэрэг хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа тухайгаа мэдээлэв.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан байгалийн баялгийн тэгш хүртээмжийн зарчим, түүний хэрэгжилтийг хөрөнгө оруулагчдад ойлгомжтой тайлбарлах шаардлагатайг онцлов. Тэрбээр татварын багц хуулийн төсөлд хувийн хэвшлээс гаргасан зарим саналууд тусгагдсанд талархал илэрхийллээ.

Хайгуулын салбар зогсонги байдалд оржээ

“Монголын Алт” ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн хайгуулын салбар хууль, бодлогын уян хатан бус байдлаас шалтгаалан үндсэндээ унасан гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Олон улсын жишигт хайгуулын лиценз ашиглалтынхаасаа тав дахин их байх ёстой атал Монголд эсрэгээрээ байна” гэв.

Хувийн хэвшил цалин нэмэхэд хүндрэлтэй болжээ

Санхүү, эдийн засгийн их сургуулийн ахисан түвшний профессор С.Бямбахорлоо нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоо хувийн хэвшлийг дарамтлаж байгааг онцлон “Хувийн хэвшлийнхэн цалин нэмж болдоггүй болсон. Аж ахуйн нэгж хэдий хэмжээний цалин өгсөн ч 13.5 хувийг шимтгэлд авдаг. Энэ нь татвар болсон. Нийгмийн даатгалын шимтгэл тэтгэвэр, эрүүл мэндэд зарцуулагдах ёстой ч бодит байдал дээр үлдсэн 70 хувийг тэжээдэг систем болсон” гэж шүүмжиллээ.

Олон улсын гэрээ хэлэлцээний тэнцвэргүй байдал

“Шунхлай холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан худалдааны гэрээнүүд харилцан тэнцвэртэй байх ёстойг сануулан “Японтой байгуулсан гэрээ жишээ авч болмооргүй. Солонгостой хийж буй гэрээнд өмнөх алдааг давтахгүй байх хэрэгтэй. Ямар бараа, бүтээгдэхүүн дээр ярьж байгаа, хэлэлцээ ямар түвшинд явж байгааг тодорхой болгох шаардлагатай” гэж байр сууриа илэрхийлэв.

Байнгын ажиллагаатай зөвлөл байгуулна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн саналыг бодлогын шийдвэр гаргахад тусгах нь чухал гэдгийг онцолж, тус зөвлөлийг байнгын ажиллагаатай болгохоор шийдвэрлэв. Мөн намрын чуулганд өргөн барих хуулийн төслүүдийг танилцуулж, зөвлөлийн гишүүдийн саналыг дахин авч, хэрэгжээгүй саналуудын үндэслэлийг тайлбарлан хүргэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment