Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа болон үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өгсөн байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Монгол шуудан компанийн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр цахим худалдаа болон хүргэлтийн үйлчилгээний асуудлыг хөндсөн бөгөөд сүүлийн жилүүдэд 50 мянга орчим онлайн бизнес эрхлэгч үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар дурдсан юм. Түүнчлэн, Улаанбаатар хотод өдөрт 240 орчим сая төгрөг эргэлдэж байгааг онцолсон.
С.Цэнгүүн 2024 оны арваннэгдүгээр сараас Хятадын Temu онлайн дэлгүүр Монголд нэвтэрсэн бөгөөд хэдхэн сарын дотор 24 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалсан гэдгийг мэдээлжээ. Энэ нь хүргэлтийн үйлчилгээний салбарт асар их боломж нээлттэй байгааг харуулж байгаа гэж үзэж байна.
Монгол шууданы өрсөлдөх чадвар
Монгол шуудан компанийн захирал энэ зах зээлийн жижиг байдалтай холбоотойгоор тэд бүрэн хүрч ажиллах боломжгүй гэдгийг мэдэгдсэн ч С.Цэнгүүн энэ сүлжээг шинэчлэх шаардлагатай хэмээн онцоллоо. Тэрээр “Монгол шуудан 1990-ээд онд батлуулсан 48 цагийн дотор хаягт хүргэнэ гэсэн стандартаа бариад удаан байгаа. Гэтэл хувийн хүргэлт компаниуд 12 цагийн дотор тухайн өдөрт нь хүргэлтээ хийж байна” гэдгийг хэлсэн байна.
Төрийн оролцоог багасгах шаардлагатай
С.Цэнгүүн Монгол шууданыг шинэчлэх тухай ярьж, “Монгол шууданы 66 хувь нь төрд харьяалагдаж байна. Ард санхүүгийн нэгдэл 24 хувийг эзэмшиж, 10 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Шийдвэр гаргах эрх нь төрийнх байгаагаас хувьчлал болон хувийн оролцоог нэмэгдүүлсэн тохиолдолд өрсөлдөх боломжтой харагдаж байна” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.