Саарал чоно агнах уралдаан зарлахгүй байхыг сануулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Саарал чоныг олноор нь хоморголон устгаж, уралдаан зарлахгүй байхыг анхаарууллаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас орон нутгийн иргэд, байгууллагуудыг саарал чоныг олноор нь устгах, агнах уралдаан зарлахгүй байхыг санууллаа. Сошиал сүлжээнд зүй бус зураг, бичлэг оруулах нь нийгэмд буруу ойлголт төрүүлэх тул ийм үйлдэл гаргавал тухайн бүсэд саарал чонын агнуурыг бүрэн хориглох арга хэмжээ авахыг мэдэгдэв. Энэ нь байгалийн тэнцвэрийг хадгалах, экосистемийн зохицолыг хангахад чиглэсэн бодлого юм.

Саарал чоно (Canis Lupus) нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан жагсаалтад «ховордож болзошгүй» ангилалд багтсан бөгөөд өвсөн тэжээлт амьтдын тоог зохистой хэмжээнд барьж, байгаль орчны тэнцвэрийг хангахад чухал үүрэгтэй амьтан юм. “Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-ын II хавсралтад орсон энэ амьтныг жилд дунджаар 400 орчим толгойг ахуйн зориулалтаар агнах тоог улсын хэмжээнд баталсан байдаг. Сүүлийн үед малчдаас саарал чонын тоо нэмэгдэж, хохирол учруулж байгаа тухай хүсэлт ирсний дагуу Амьтны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт «Байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх болон мал, гэрийн тэжээвэр амьтанд өвчин халдварлах, иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зарим амьтны тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч болно» гэж заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаанд үндэслэн 2025 онд говь болон зүүн бүсийн аймгуудаас бусад аймгийн Засаг дарга, Байгаль орчны газруудад чоныг ахуйн зориулалтаар болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг зохицуулах агнуурыг зохион байгуулж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу зөвшөөрлийн төлбөр хураамжаас чөлөөлж ажиллах чиглэл өгсөн» гэжээ. Ингэснээр саарал чонын тоог зохицуулах боломж бүрдэх ч олноор нь хоморголон устгахыг хориглож байгаа юм.

Саарал чонын агнуурын зохицуулалт:

  • Жилд дунджаар 400 орчим толгойг ахуйн зориулалтаар агнах тоог баталсан.
  • Говь, зүүн бүсийн аймгуудаас бусад нутагт тоо толгой зохицуулах агнуурыг зохион байгуулах.
  • Зөвшөөрлийн төлбөрийг чөлөөлж, судалгаанд үндэслэн агнуурыг хийх.
  • Зөрчил гаргавал тухайн бүсэд агнуурыг хориглох.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй