“Оскар-2026” шагнал гардуулах ёслолын шууд дамжуулалтын үеэр Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприогийн оролцоотой шинэ “мем” (meme — цахим орчинд тархдаг хошин зураг, бичлэг) мэндэлж, үзэгчдийг хөгжөөлөө. Энэхүү хөгжөөнт мөчийг наадмын хөтлөгч, хошин шогч Конан О’Брайен санаачилсан юм.
Хөтлөгч мэндчилгээний үеэр Ди Каприог цахим ертөнцийн “мемийн хаан” гэж тодорхойлоод, яг одоо шууд дамжуулалтын үеэр шинэ мем хийхийг санал болгов. Камер жүжигчин рүү чиглэхэд тэрээр найз бүсгүй Витториа Череттигийн хамт сууж байсан бөгөөд дэлгэц дээр “Чамаас зөвшөөрөл аваагүй байхад” гэсэн тайлбар гарч иржээ.
Жүжигчний тухайн үеийн гайхсан хариу үйлдэл цахим сүлжээнд маш хурдтай тархаж, шинэ хошигнолын сэдэв болоод байна.

Дашрамд дурдахад, Леонардо Ди Каприо өмнө нь “Чөлөөлөгдсөн Жанго” киноны шоолон инээж буй дүр, “Холливудад нэгэн удаа” киноны зурагт руу зааж буй хэсэг, мөн “Агуу Гэтсби” киноны хундага тулгаж буй алдарт дүрүүдээрээ олон алдартай мемийн гол баатар болж байсан билээ.