Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи Цагаан ордонд зочлон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахаар өнөөдөр хилийн чанадыг зорилоо. Тэрбээр айлчлалынхаа өмнө өгсөн мэдээлэлдээ Ойрх Дорнодод үүсээд буй Ираны мөргөлдөөн болон стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойн асуудалд албан ёсны байр сууриа хадгална гэдгээ илэрхийлэв. Ерөнхий сайдын зүгээс тус бүс нутагт үүссэн хурцадмал байдалд Япон улсын зүгээс үзүүлж чадах дэмжлэг болон зарчмын хувьд боломжгүй зүйлсийг Трампад шууд уламжлахаа мэдэгдсэн байна.
Өнгөрөгч өдрүүдэд талуудын хооронд Ормузын хоолойг тойрсон зөрүүтэй мэдээллүүд хөвөрсөн юм. Үйл явдлыг дарааллаар нь авч үзвэл:
- Доналд Трамп долоо хоногийн эхээр холбоотон орнууддаа хандаж, Ормузын хоолойг нээхэд цэргийн дэмжлэг үзүүлэхийг уриалсан.
- Японы эрх баригчид хариуд нь тус бүс рүү тэнгисийн цэргийн хөлөг онгоц илгээх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
- Үүнээс ердөө хоёр хоногийн дараа Трамп байр сууриа гэнэт өөрчилж, “Ормузын хоолойг нээхэд бидэнд тусламж хэрэггүй, хэзээ ч хэрэгтэй байгаагүй” хэмээн мэдэгдсэн юм.
Хэдийгээр Цагаан ордны тэргүүн тусламж шаардлагагүй гэж мэдэгдсэн ч олон улсын ажиглагчид болон хэвлэл мэдээллийнхэн Санаэ Такаичиг Трамптай нүүр тулан уулзах үеэр АНУ-ын зүгээс тодорхой хэмжээний шахалт үзүүлж магадгүй гэж таамаглаж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болон Ойрх Дорнод дахь Японы оролцоог тодорхойлох шийдвэрлэх алхам болох юм.
Эх сурвалж: Reuters.