“Сансар Гарден” Цэцэрлэгийн Багшийн Хүчирхийлэл Илэрч, Үйл Ажиллагааг Нэн Даруй Хаалаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
САНСАР ГАРДЕН

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байрлах «Сансар Гарден» хувийн цэцэрлэгийн багш Ц нь хоёр настай хүүхдүүдийг ширээ, сандалтай нь скочоор ороож, хөдөлгөөнгүй байлгадаг байсан аймшигтай үйлдэл энэ сарын 11-ний өдөр нийгэмд ил болж, олныг цочирдууллаа. Энэ бичлэг нь тухайн өдрийн хоолны мэдээлэл бүхий гэрэл зургийн хамт эцэг эхчүүдийн группт тавигдах үед ил болсон байна. Хэргийн шинжтэй нөхцөл байдал үүссэний улмаас Хан-Уул дүүргийн Цагдаагийн байгууллагад эцэг эхчүүд нэн даруй мэдэгджээ.

Уг цэцэрлэгийн эрхлэгчийн нөхөр болон өөрөөс нь тодруулга авахад, эрхлэгч нь жирэмсний амралтаа аваад удаагүй байгаа бөгөөд «Миний эхнэрийг амралттай байх хойгуур багш нь хүүхдүүдийг сандал, ширээтэй нь хүлж байсан» гэсэн тайлбарыг өгсөн. Бичлэг олон нийтэд тархсаны дараа цэцэрлэгийн үйл ажиллагааг нэн даруй хаасан бөгөөд тухайн багшийн үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тул шалгалтын дараа хуулийн дагуу ёс зүйн хариуцлага тооцох болно гэж мэдэгдсэн байна.

Нийслэлийн Зүгээс Авч Хэрэгжүүлж Буй Арга Хэмжээ:

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин энэхүү ёс бус үйлдэлд тууштай байр суурь илэрхийлжээ. Тэрээр:

«Үе үе хувийн цэцэрлэгүүдийн багш нар хүүхэдтэй хүнлэг бус харилцах зөрчлүүд илэрч байна. Хамгийн сүүлийн жишээ нь “Сансар гарден” цэцэрлэгийн багш хүүхдийг скочоор хүлж, өдөржин зовоож, тарчлааж буй бичлэг цацагдсан нь аймшигтай. Би ч өөрөө цэцэрлэгийн насны бяцхан охинтой тул ийм ёс бус зүйлтэй эвлэрч болохгүй» хэмээн онцлов.

Боловсролын хяналтын улсын байцаагчаас ирүүлсэн мэдээллээр, тус цэцэрлэгт (ХУД-ийн 23-р хороо, Арцатын ам, Агарта хотхоны 1421-р байр) хяналт шалгалт хийхээр очиход үйл ажиллагаагаа явуулаагүй, хаалга нь хагарсан, цоожтой байсан. Тус цэцэрлэг нь хоёр бүлэгтэй, нийт 35 хүүхэдтэй, нэг багш, нэг туслах багш, нэг тогоочтой ажилладаг байжээ.

Шалгалтын Явц:

  • Цагдаагийн байгууллага бичлэгийг хураан авч, багшийн үйлдлийг шалгаж байна.
  • Хяналт шалгалтын ажиллагаа дууссаны дараа тухайн багшид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
  • Цэцэрлэгийн үйл ажиллагаанд ч мөн хуулийн арга хэмжээ авна.

Орлогч А.Амартүвшин, энэхүү хэрэгт хуулийн дагуу хариуцлага хүлээтэл нь анхаарал хандуулж, хяналт тавих болно гэдгийг мэдэгдлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй