“Сансар Гарден” цэцэрлэгийн хоёр настай хүүхдийг скочоор хүлсэн хэрэгт холбогдсон багшийг ажлаас чөлөөлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Сансар Гарден” цэцэрлэгийн багшийг ёс зүйн зөрчлөөр халлаа

Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Сансар Гарден” цэцэрлэгт хоёр настай хүүхдийг скочоор хүлсэн хэрэг гарч, энэ талаар цагдаагийн байгууллагад 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 36 минутад гомдол ирсэн байна. Цагдаагийн байгууллага уг үйлдлийг мөрдөн шалгаж, холбогдох хэрэг үүсгэн шалгалт явуулж байгаа аж.

Цэцэрлэгийн зүгээс гаргасан мэдэгдэл

“Сансар Гарден” цэцэрлэгийн удирдлагууд уг асуудалд хариу өгч, дараах тайлбарыг өгсөн байна.

“Өнгөрсөн Пүрэв гарагт манай байгууллагад хоёр жил орчим ажилласан нэг багш ёс зүйн ноцтой зөрчил гаргасан. Тухайн үед цэцэрлэгийн удирдах албан тушаалтан төрийн амралтаа авч байсан бөгөөд энэ хугацаанд хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага шалгалт хийж байгаа тул бид дотоод хяналтаа ч мөн эхлүүлсэн. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл түгээж, эрхлэгчийн зургийг нийтэлсэн нь ташаа мэдээлэл юм. Зөрчил гаргасан багшийг ажлаас нь чөлөөлсөн. Хүүхдийн эцэг эхтэй нь албан ёсоор уулзаж, уучлалт гуйх болно.” гэсэн байна.

Хэргийг шалгаж байна

Одоогоор Цагдаагийн байгууллага уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хүүхдийн эрүүл мэндийн байдал болон цэцэрлэгийн хяналтын систем, дотоод дүрмийн хэрэгжилт зэрэгт нарийвчилсан шалгалт явуулж байгаа аж.

Энэ хэрэг нь бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, боловсролын байгууллагуудын хяналт, ёс зүйн стандартыг чангатгах шаардлагыг нийгэмд дахин анхааруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй