Сар шинийн барилдааны өмнөх чансаа: Улсын заан Б.Бат-Өлзий 4500 оноогоор тэргүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Бат-Өлзий

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан нь цол, чимэг олгодоггүй ч Улсын их баяр наадмын дайтай өндөр чансаатай, нэр хүндтэй тэмцээнд тооцогддог. 2026 оны хоёрдугаар сарын 4-ний байдлаар бөхчүүдийн албан ёсны чансааг Улсын заан Б.Бат-Өлзий 4500 оноогоор итгэл төгс тэргүүлж байна.

Бэлтгэл сургуулилт ид өрнөж буй энэ үед Өвөрхангай аймгийн хүчтэнүүд нутагтаа очин тусгай бэлтгэлд гарсан бол бусад аймгийн бөхчүүд ч сар шинийн барилдаанд онцгой ач холбогдол өгч, амжилтаа ахиулахаар хичээж байна.

Б.Бат-Өлзий
Б.Бат-Өлзий

Шилдэг чансаатай 5 бөх (2026.02.04)

ЦолНэрОноо
Улсын заанБ.Бат-Өлзий4500
Улсын арсланЭ.Батмагнай4050
Улсын заанС.Сүхбат4050
Улсын арсланЦ.Бямба-Отгон3650
Аймгийн арсланМ.Баяржавхлан2750

Бөхийн чансааг хэрхэн тооцдог вэ?

Бөх сонирхогчдын дунд чансааны оноо тооцох аргачлал ихээхэн сонирхол татдаг. Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд тухайн бөх хэд давснаас хамаарч дараах оноог авдаг байна. Үүнд:

  • 9 даваа: 2000 оноо
  • 8 даваа: 1500 оноо
  • 7 даваа: 1000 оноо
  • 6 даваа: 600 оноо
  • 5 даваа: 400 оноо
  • 4 даваа: 300 оноо
  • 3 даваа: 200 оноо
  • 2 даваа: 100 оноо
  • 1 даваа: 50 оноо
  • Оролцооны оноо: 50 оноо

Жишээ нь: Хэрэв бөх гурав даваад, дөрвийн даваанд өвдөг шороодвол: 3 давааны 200 оноо + Оролцооны 50 оноо = Нийт 250 оноо авч чансаагаа ахиулна.

Сар шинийн барилдааны дараа бөхчүүдийн чансаанд томоохон өөрчлөлт орох хүлээлттэй байгаа бөгөөд М.Баяржавхлан нарын аймгийн цолтнууд улсын цолтнуудтай хэрхэн хүч үзэхийг бөх сонирхогчид анхааралтай ажиглаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй