Сар шинийн баяраар хүчтэй шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
mongolian weather

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2026 оны хоёрдугаар сарын 18-наас 22-ны хооронд цаг агаар тогтворгүй байх төлөвтэй байна. Баярын эхний өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч түр суларч, харьцангуй дулаан байх боловч удалгүй хүчтэй салхи шуурга дэгдэж, температур огцом буурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Хур тунадас болон салхи шуурганы төлөв

19-ний өдрөөс эхлэн Монгол-Алтай болон Хөвсгөлийн уулархаг бүсээр цас орж эхэлнэ. Улмаар 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн бүсийн хойд хэсгээр, 21-нд төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар ахиу хэмжээний цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Салхины хурд 20-21-ний өдрүүдэд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга дагуулах тул замд гарах иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.

Хүйтний эрч чангарах хугацаа

Хоёрдугаар сарын 18-19-нд ихэнх нутгаар дулаахан байх хэдий ч 20-ны өдрөөс баруун аймгуудаас эхлэн, 21-нд нийт нутгаар хүйтний эрч 10-15 градусаар эрс чангарна. Ялангуяа Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -30-аас -35 градус хүрч хүйтрэх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө +6-аас +11 градус дулаан байх нь ээ.

Баярын өдрүүдэд анхаарах зүйлс:

  • Зам даваа: Хүчтэй салхи, цасан шуурганы улмаар үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдах эрсдэлтэй тул холын замд гарахдаа шатахуун болон дулаан хувцасны нөөцөө сайтар базаах.
  • Дулаалга: 21-ний өдрөөс эхлэн хүйтний эрч огцом чангарах тул гэр сууцны дулаалга, мал сүргийн хашаа саравчийг эртнээс бэлтгэх.
  • Шуурга: Салхины хурд секундэд 24 метр хүрэх нь аюултай үзэгдэл тул бага насны хүүхэд, өндөр настнуудыг гадаа удаан байлгахгүй байхыг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй