Английн сүмийн хамгийн дээд зиндааны санваартан бөгөөд дэлхий даяарх 85 сая англикан (христосын шашны нэгэн урсгал) сүсэгтнүүдийн оюун санааны удирдагч буюу Кентерберигийн хамба ламаар Сара Маллалли томилогдлоо. Тэрээр энэхүү нэр хүндтэй сэнтийд заларсан анхны эмэгтэй болж түүхэнд бичигдэж байна.
Кентерберигийн сүмийн гурван том чулуун хавтан дээр манай эриний 597 онд Гэгээн Августинаас эхэлсэн бүх хамба нарын нэрсийг сийлсэн байдаг. Түүхэн дэх эхний 105 нэр бүгд эрэгтэйчүүдийнх байсан бол хоёр сарын өмнө чулуучин хамгийн сүүлд “Сара Елизавета Маллалли” гэх нэрийг сийлж нэмжээ.
Өдгөө 63 настай хамба лам Маллаллиг албан ёсоор Английн сүмийн тэргүүнээр томилох ёслол өнгөрсөн Лхагва гарагт боллоо. Эртний уламжлал, ёс жаяг бүрдсэн уг ёслолд Их Британийн Ерөнхий сайд, Уэльсийн хунтайж болон гүнж нар оролцсон нь энэхүү томилгоо сүмийн гишүүдийн хувьд ямар их ач холбогдолтойг илтгэж байв.
“Сараг манай анхны эмэгтэй хамба ламаар томилно гэдэг 50 жилийн өмнө төсөөлөхийн ч аргагүй зүйл байлаа. Өнөөдөр бол үнэхээр түүхэн өдөр” гэж Кентерберигийн сүмийн декан, доктор Дэвид Монтейт ёслолын өмнө онцлон тэмдэглэв.
Хэдийгээр тэрээр нэгдүгээр сард албан ажилдаа орсон ч 3 дугаар сарын 25-нд болсон энэхүү интронизаци (сэнтийд залах ёслол) нь түүний албан ёсны эхлэл болж, 2000 гаруй хүний өмнө анхны номлолоо айлдлаа. Хамба лам Маллалли номлолдоо “Бурханд боломжгүй зүйл гэж үүгүй” хэмээн найдварын хүчийг алдаршуулсан юм. Үүний зэрэгцээ тэрээр сүмийн доторх бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианыг дурдаж, өнгөрсөн хугацаанд итгэгчдийн дунд үүссэн өвдөлт шаналлыг хүлээн зөвшөөрөв.
Ташрамд дурдахад, түүний өмнөх хамба Жастин Велби сүмийн доторх бэлгийн хүчирхийллийн асуудлыг хянан шийдвэрлэхдээ алдаа гаргасны улмаас огцорсон билээ. “Бид өөрсдийн сүм, нийгэмлэгийн гишүүдийн буруутай үйлдэл, хайхрамжгүй байдлаас болж хохирсон хүмүүсийн өвдөлтийг үл тоомсорлож болохгүй” гэж тэрээр номлолдоо дурджээ.
Шинэ хамба лам сүмийг амаргүй цаг үед хүлээн авч байна. Сүүлийн 20 гаруй жил дэлхийн англикан нийгэмлэг ижил хүйстнүүдийн гэрлэлт болон эмэгтэйчүүд, ЛГБТК хүмүүсийг санваартан болгох асуудлаар хуваагдаад байгаа юм. Зарим консерватив бүлгүүд түүний томилгоог эсэргүүцэж, “Библид зөвхөн эрэгтэй хамба байхыг шаарддаг” хэмээн мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай, итгэл хүлээсэн удирдагч Маллаллиг ирснээр сүмд шинэ, нээлттэй эрин үе ирнэ гэсэн итгэл олон хүнд байна.
Ёслолын үеэр хамба лам Маллалли Кентерберигийн сүмийн Баруун хаалгыг таягаараа тогшиж нэвтрэх зөвшөөрөл хүсэхэд орон нутгийн сургуулийн хүүхдүүд түүнийг дотогш орууллаа. Мөн Хаан III Чарльзийн томилгооны зарлигийг уншиж танилцуулсны дараа тэрээр XIII зууны үеийн Гэгээн Августины марман сэнтийд заларсан юм.
Сара Маллалли санваартан болохоосоо өмнө Британийн Үндэсний эрүүл мэндийн албанд (NHS) олон жил ажиллаж, хавдрын сувилагчаас Лондонгийн Челси ба Вестминстер эмнэлгийн сувилахуйн албаны дарга хүртэл дэвшсэн нэгэн юм. 1999 онд буюу 37 насандаа тэрээр Британийн Эрүүл мэндийн яамны хамгийн залуу Ерөнхий сувилагчаар томилогдож байжээ. Тэрээр 2001 онд санваартан болж, 2004 онд төрийн албаа орхин сүмийн үйл хэрэгт бүрмөсөн зүтгэх болсон юм.
Тэрээр энэхүү түүхэн ёслолын өмнө Лондонгийн Гэгээн Павелын сүмээс Кентербери хүртэл 140 км замыг зургаан хоногийн турш явган туулсан нь орчин үеийн хамба нарын дунд анхны тохиолдол болжээ.
Эх сурвалж: The New York Times