“Сарлаг наадам 2025” Хөвсгөлд жуулчдын хөлд дарагдана!

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Сарлаг наадам 2025” Хөвсгөлд жуулчдын хөлд дарагдана!

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд жил бүр уламжлал болгон зохиогддог “Сарлаг наадам” энэ жил долдугаар сарын 21-нд Даланбулагт болохоор товлогдсон байна. Энэхүү арга хэмжээг анх 2014 онд тус сумын Засаг даргын Тамгын газар, “Жинст Мөрөн” ХХК-тай хамтран санаачилсан бөгөөд өнөөдөр Хөвсгөлийн аялал жуулчлалын томоохон фестиваль болон өргөжөөд байна.

“Сарлаг наадам”-ын зорилго нь зөвхөн соёлын арга хэмжээ зохион байгуулах төдий бус, сарлагийн аж ахуйн ач холбогдлыг олон нийтэд таниулах, байгальд ээлтэй нүүдлийн соёлыг түгээх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болох явдал юм. Мөн нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулахыг зорьдог.

Энэ жилийн наадам “Хоймор нутаг – Сарлаг наадам 2025” нэрийн дор зохиогдох бөгөөд долдугаар сарын 20-нд эрдэм шинжилгээний хурал, 21-нд наадмын гол үйл ажиллагаа болох сарлагийн уралдаан, гар урлалын үзэсгэлэн, үндэсний тоглолт, уламжлалт хоол хүнсний танилцуулга, жуулчдад зориулсан соёлын арга хэмжээнүүдийг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулах юм.

Хөвсгөл нь Монголын хамгийн олон сарлагтай таван аймгийн нэг бөгөөд 22 сумын хэмжээнд нийт 174,800 гаруй толгой сарлаг тоологдсон байна. Наадам зохион байгуулж буй Алаг-Эрдэнэ сумын хувьд, орон нутгийн малчид нийт орлогынхоо 30 гаруй хувийг зөвхөн сарлагаас бүрдүүлдэг нь энэ наадмын эдийн засгийн ач холбогдлыг харуулж байна.

Улсын хэмжээнд 2024 онд нийт 13 аймгийн 132 суманд 999,400 гаруй толгой сарлаг тоологдсон нь сарлагийн аж ахуй улс орон даяар өргөжин тэлж буйг илтгэж байна. Энэхүү наадам зөвхөн мал сүргийн баяр биш, Монголын уламжлалт амьдралын хэв маяг, байгальд ээлтэй сэтгэлгээний илэрхийлэл болон хөгжиж буй нь онцлог юм.

4 5 1536x1017 1
9 5 1536x1152 1

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment