Сири улсын Дэлхийн Банканд тавьсан үлдэгдэл өр болох ойролцоогоор 15 сая ам.долларыг Саудын Араб, Катар улсууд хамтран төлөхөөр болсон тухай өчигдөр албан ёсоор мэдээлжээ.
Өнгөрсөн оны сүүлээр Башар аль Ассадын дэглэм нуран унасны дараа Саудын Араб, Катар хоёр улс Сирийн шинэ засгийн газартай дипломат харилцаа тогтоох ажлыг тэргүүлэн эхлүүлсэн билээ.
Ням гарагт гаргасан хоёр улсын хамтарсан мэдэгдэлд: “Саудын Арабын Хаант Улс болон Катар Улсын Сангийн яамд Сири улсын Дэлхийн Банканд тавьсан өрийн үлдэгдэл болох 15 сая ам.долларыг бүрэн төлөх болсныг зарлаж байна” гэж онцолсон байна.
Хэдхэн хоногийн өмнө Сирийн Төв банкны ерөнхийлөгч, Сангийн сайд нар Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн Банкны хаврын чуулганд 20 гаруй жилийн дараа анх удаа оролцсон нь анхаарал татсан үйл явдал болсон юм.
2011 онд Сирид иргэний дайн дэгдсэнээс хойш Дэлхийн Банк тус улсад үйл ажиллагаагаа түр зогсоосон байсан билээ.
Өрийн үлдэгдлээ барагдуулснаар Сири улс дахин Дэлхийн Банкнаас шинэ зээл, тусламж авах, техникийн зөвлөгөө авах боломжтой болох юм.