Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан гурван ойн түймрийг унтраах ажиллагааг амжилттай зохион байгуулжээ. Тус сумын Цөх багийн “Хазай” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан түймрийг өнөөдөр 15:20 цагт бүрэн унтраасан байна.
Түймрийг унтраах ажиллагааг Онцгой Байдлын Ерөнхий Газрын (ОБЕГ) Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдан зохион байгуулжээ. Үүнтэй хамт Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, сумын мэргэжлийн ангийн нийт 196 хүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн байна.
ОБЕГ-аас мэдээлснээр, 2025 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 12 аймгийн 64 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 128 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд иргэдийн болгоомжтой байх нь чухал байгааг онцолжээ.
Сэрэмжлүүлэг:
Хуурайшилт ихтэй байгаа энэ үед иргэд амарч, аялж явахдаа анхааралтай байж, түймрийн эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.