Table of Contents
Улаанбаатар хотод жил бүрийн есдүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэг болон эмнэлгүүдийг төвлөрсөн дулааны сүлжээнд холбодог уламжлалтай. Энэ жилийн хувьд халаалт холбох хугацаа болон засварын ажлын явцын талаар “УБДС” ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал мэдээлэл өглөө.
Түүний хэлснээр, ДЦС-3-ын дулааны сүлжээг өнөөдөр ашиглалтад оруулж байгаа бол “Амгалан” ДЦС-ыг ирэх Даваа гарагаас залгаж эхэлнэ. Ингэснээр есдүгээр сарын 15-наас эхлэн бүх айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүд дулаанаар хангагдах юм.
Төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлага
Дулаан авах гэрээ байгуулахдаа орон сууцны контор болон ААН-үүд өр төлбөргүй байх ёстойг онцолжээ. УБДС-д төвлөрүүлэх төлбөрийг орон сууцны конторууд болон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын (ОСНААУГ) харьяа 19 хэрэглэгчийн үйлчилгээний төв дамжуулан цуглуулдаг байна.
Засварын ажил үргэлжилж байна
Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн замын эсрэг талд байрлах 11Г магистрал шугамыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар өргөтгөх ажил одоогоор үргэлжилж байгаа бөгөөд есдүгээр сарын 26 гэхэд дуусгах төлөвтэй. Энэ нь үндсэн өргөтгөлийн ажил тул халаалтыг хэвийн залгахад саад болохгүй гэж Ш.Мөнхжаргал мэдэгдэв.
Иргэдэд өгсөн зөвлөгөө
ОСНААУГ-аас мэдээлснээр есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд халаалтыг холбох үед айл өрхүүд гэртээ хүн байлгах нь зүйтэй гэж зөвлөжээ.
