Холливудын алдарт хос Анжелина Жоли, Брэд Питт нарын охин Шайло Жоли Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцөд гэнэтийн бэлэг барилаа. Энэ сарын 2-ны өдөр YouTube сувгаар цацагдсан дуучин Dayoung-ийн “What’s a girl to do” дууны клипний тизер бичлэгээс соргог үзэгчид Шайло Жолиг олж харсан байна. Хэдийгээр тэрээр дэлгэцнээ ердөө 1-2 секунд л харагдсан ч залуу цагийн ээжтэйгээ тун адилхан байгаа нь олон улсын фенүүдийнх нь анхаарлыг ихэд татжээ.
БНСУ-ын “Starship Entertainment” агентлагийн зүгээс энэхүү сонирхолтой сонголтын талаар албан ёсны тайлбар өгсөн юм. Тус агентлаг АНУ-д нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны эцэст Шайлог финалын шатанд шалгаруулж авчээ. Хамгийн сонирхолтой нь, агентлагийн ажилтнууд зураг авалтын үеэр түүнийг дэлхийн хэмжээний оддын охин гэдгийг огт гадарлаагүй аж. Тэд энэ тухайгаа “Бид Шайлог финалын шатанд шалгаруулж сонгосон. Түүнийг алдартай жүжигчдийн охин гэж огт гадарлаагүй, саяхан санамсаргүй мэдлээ” хэмээн мэдэгджээ.
Өдгөө 19 настай Шайло Жоли нь мэндлэхээсээ өмнө л дэлхийн хэвлэл мэдээллийн хараанд өртөж байсан нэгэн юм. Түүнийг төрөх үед папараци нараас хамгаалахын тулд Жоли, Питт нар Намиби улсыг зорьж байсан түүхтэй. Төрснийх нь дараа ч гэрэл зурагчид мөрдсөөр байсан тул эцэг эх нь охиныхоо анхны зургийг “People” болон “Hello!” сэтгүүлд 10 сая ам.доллароор зарж, олсон орлогоо сайн үйлсэд хандивлаж байсан билээ.Шайло Жолигийн амьдралын сонирхолтой баримтуудаас дурдвал:
- Түүний анхны гэрэл зураг дэлхийн түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан алдартны зураг болж рекорд тогтоосон.
- Хоёр настайдаа Мадам Тюссогийн тосон баримлын музейд заларч, тус музейд баримал нь боссон хамгийн залуу хүн болсон юм.
- Музейн захирал Жанин Дижоаккино түүнийг “Шайло бол төрсөн цагаасаа эхлэн дэлхийн поп соёлын агуу зүтгэлтэн байлаа” хэмээн тодорхойлж байв.
- 2024 онд 18 нас хүрсэн даруйдаа тэрээр аавынхаа овгийг албан ёсоор хасаж, нэрээ Шайло Жоли болгон өөрчилжээ.

Поп соёлын “амьд домог” гэгддэг Шайло ийнхүү К-поп ертөнцөд өөрийн бие даасан карьераа эхлүүлж байгаа нь түүний ирээдүйн алхмуудыг улам сонирхолтой болгож байна. Шүтэн бишрэгчид нь түүнийг эцэг эхийнхээ адил урлагийн салбарт томоохон амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа сошиал орчинд илэрхийлсээр байна.