Латин Америкийн алдарт дуучин Шакирагийн Катарт хийх байсан анхны тоглолт Ойрхи Дорнодод үүсээд буй зөрчил мөргөлдөөний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Энэ тухай “The Peninsula Qatar” сонин мэдээлэв.
“Бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Доха хотын ‘Stadium 974’ цэнгэлдэх хүрээлэнд болох байсан Шакирагийн ‘Las Mujeres Ya No Lloran’ дэлхийн аялан тоглолт хойшлогдсон” хэмээн албан ёсны мэдээлэлд дурджээ.
Тоглолтыг зохион байгуулагч “Platinumlist” компанийн мэдээлснээр, одоогоор тоглолт болох шинэ товыг тогтоохоор ажиллаж байгаа аж. Энэхүү тоглолт нь тус бүс нутагт урьд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй хамгийн том хэмжээний шоу болох хүлээлттэй байсан бөгөөд зохион байгуулагчид үүнийг “шидэт үдэш” болно хэмээн онцолж байсан юм.
Шакира “Хүүхнүүд дахиж уйлахгүй” (Las Mujeres Ya No Lloran) дэлхийн аялан тоглолтынхоо хүрээнд Дохад тоглохоор төлөвлөөд байв. Тасалбарын үнэ 25 ам.доллароос эхэлж байсан бөгөөд маш эрэлттэй байсан тул бусад тасалбаруудаас илүү хурдан зарагдаж дуусжээ. Үүнээс өмнө зохион байгуулагчид шоуны тасалбар борлуулагдсаар байгааг мэдэгдэж байсан юм.