Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

Хуралдаанаар шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлах шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэв.

Өглөөний 08:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 86 вагон шатахуун байгаагаас:

  • Толгойт өртөөнд – 16 вагон
  • Аршаант өртөөнд – 6 вагон
  • Улаанбаатар өртөөнд – 5 вагон
  • Дархан өртөөнд – 10 вагон
  • Сайншанд өртөөнд – 5 вагон
  • Эрдэнэт өртөөнд – 10 вагон
  • Сүхбаатар өртөөнд – 34 вагон байрлаж байна.

Мөн Улаанбаатар хот дахь шатахуун импортлогч томоохон компанийн агуулахуудад 2,824 тонн АИ-92 автобензин нөөцлөгдсөн бөгөөд нэмэлтээр 30 вагон буюу 1,800 тонн шатахуун буугаад байна.

Агуулахад буусан шатахуунаас 115 шатахуун түгээх станц руу 1,169 тонн, орон нутаг руу 592 тонн шатахуун тээвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэр нь шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, хэрэглэгчдэд үүссэн түр хязгаарлалтыг бүрэн цуцалснаар нийслэл болон орон нутгийн шатахуун түгээх үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зорилготой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй