Шатахууны хангамж: 2025 оны 12 дугаар сарын тээвэрлэлт, импортын тойм

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас манай улсын автобензиний нөөц болон тээвэрлэлтийн өнөөгийн байдлын талаарх нэгдсэн мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Тайланд дурдсанаар, Улаанбаатар төмөр замын сүлжээгээр нийт 10080 тонн буюу 164 вагон АИ-92 автобензинийг дотоодын хэрэгцээнд зориулан тээвэрлэж байна.

Одоогийн байдлаар нийт 60 вагон шатахуун буулгах өртөөд рүүгээ замдаа явж байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь гол зангилаа цэгүүдэд хуваарилагдаад байна. Тодруулбал, Улаанбаатар хотын Толгойт өртөөнд хамгийн их буюу 62 вагон байгаа бол Улаанбаатар болон Рашаант өртөөдөд 11-14 вагон тус тус хүлээн аваад байгаа ажээ. Төмөр замын дагуух өртөөдийн хуваарилалт дараах байдалтай байна:

  • Толгойт өртөө: 62 вагон
  • Улаанбаатар өртөө: 14 вагон
  • Рашаант өртөө: 11 вагон
  • Эрдэнэт өртөө: 8 вагон
  • Дархан өртөө: 6 вагон
  • Чойр өртөө: 3 вагон

2025 оны 12 дугаар сарын 1-нээс 30-ны хооронд Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт импортын хэмжээг авч үзвэл дизель түлш 197.7 мянган тоннд хүрч хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна. Үүнээс гадна АИ-92 бензин 75.8 мянган тонн, онгоцны түлш ТС-1 11.2 мянган тонн тус тус импортолжээ. АИ-95 автобензиний тухайд сарын хугацаанд 4795 тонныг хүлээн авсан байна.

Шатахууны импортын гол ачаалал Сүхбаатар боомт дээр төвлөрч байгаа бөгөөд эндээр 1105 вагон АИ-92, 2993 вагон дизель түлш тус тус орж иржээ. Баруун бүсийн хангамжийг Цагааннуур болон Боршоо боомтуудаар тогтмол хангаж байгаа бол Эрээнцав болон Булган боомтоор тодорхой хэмжээний нийлүүлэлт хийгдэж байна. Харин Замын-Үүд боомтоор АИ-95 бензиний нэлээдгүй хэсэг буюу 2762 тонныг импортолсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй