Археологичид эртний хүмүүсийн олдвор дундаас болор чулууг олонтаа олдог. Гомининууд (эртний хүн дүрстэн) дор хаяж 780,000 жилийн өмнөөс ийм чулууг цуглуулдаг байсан ч тэдгээрийг зэвсэг, багаж хэрэгсэл эсвэл гоёл чимэглэлийн зориулалтаар ашигладаггүй байжээ. Харин шинэ судалгаагаар энэхүү хачирхалтай сонирхол нь ердөө л болор чулууны өвөрмөц хэлбэр, тунгалаг байдалтай холбоотой байж болохыг тогтоосон байна.
Frontiers in Psychology сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааны талаар Medee.news агентлаг мэдээллээ.
Испанийн эрдэмтэд уг таамгийг батлахын тулд хүний хамгийн ойрын төрөл болох шимпанзе сармагчин дээр туршилт хийжээ. Хэрэв шимпанзе болор сонирхож байвал энэ нь зан үйлийн маш эртний хувьслын үндэс байж болох юм.
“Шимпанзе болор чулууг энгийн чулуунаас ялгаж чаддаг болохыг бид баталлаа” хэмээн Сан-Себастьян дахь Олон улсын физикийн төвийн судалгааны удирдагч Хуан Мануэль Гарсия-Руис ярьсан байна. Түүний хэлснээр, амьтдын энэхүү биетэд хандах сонирхол хүлээж байснаас хавьгүй хүчтэй байсанд эрдэмтэд ихэд гайхжээ.
Эхний туршилтаар судлаачид том хэмжээтэй уулын болор (кварц) болон ижил хэмжээтэй энгийн чулууг тавихад сармагчингууд удалгүй бүх анхаарлаа болорт хандуулж эхлэв. Тэд чулууг эргүүлж тойруулан, өнцөг бүрээс нь ажиглаж байлаа. Нэг шимпанзе бүр болор чулууг амрах байрандаа аваачсан тул ажилтнууд уг олдворыг буцааж авахын тулд дуртай амттан болох банана, тарагтай нь сольж авчээ.
Хоёр дахь туршилтаар эрдэмтэд жижиг болор чулуунуудыг 20 ширхэг бөөрөнхий чулуутай холиход сармагчингууд тэр дороо болорыг л сонгон авч байв. Пирит, кальцит зэрэг бусад эрдсийг холиход ч тэд болорыг хайрганаас төвөггүй ялгаж байсан юм.
Амьтдад болорын тунгалаг чанар хамгийн их таалагдсан бөгөөд тэд чулууг нүдэндээ ойртуулж, гэрлийн өөдөөс хэдэн минутаар ч хамаагүй ширтдэг байна. Сэнди нэртэй нэгэн эм сармагчин бүр болор болон хайргыг тусад нь ялгаж өрж байжээ.
Энэхүү үйлдэл нь амьтад болор чулууг “тусгай биет” гэж хүлээн авч буйн тэмдэг байж болох юм. Мөн тэд болорыг амандаа зуун зөөж байсан нь энэ төрлийн амьтанд ховор үзэгдэл бөгөөд олзоо нуух гэсэн оролдлого байж магадгүй гэж эрдэмтэд үзэв.
Судалгааны багийнхан эртний хүмүүс ч мөн адил шинж чанарт нь татагдсан байх магадлалтай гэж үзэж байна. Байгаль дээрх мод, уул, гол, үүл зэрэг ихэнх зүйлс муруй, салаалсан хэлбэртэй байдаг бол болор чулуу нь хавтгай талст, тод өнцөг бүхий нарийн геометр хэлбэртэй цорын ганц байгалийн биет юм. Энэхүү өвөрмөц бүтэц, тунгалаг байдал нь эртний хүмүүсийн гоо зүйн мэдрэмж, ертөнцийг үзэх үзэл бүрэлдэх эхлэл болсон байж магадгүй юм.