Шинэ Зеландад эзнээ долоо хоног хүлээсэн үнэнч нохойг аварчээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Молли

Шинэ Зеландад хүрхрээний бэлд эзнээ долоо хоногийн турш хүлээсэн нохойг аварсан тухай “The Guardian” хэвлэл мэдээллээ.

Жессика Джонстон өөрийн хайртай бордер-колли үүлдрийн Молли нэртэй нохойныхоо хамт Өмнөд арлын Арахура хөндий рүү аялалд гарчээ. Тэдний аялал сайхан үргэлжилж байсан ч 3 дугаар сарын 24-ний өдөр Кэмпбелл нуруугаар явж байхдаа Джонстон 55 метрийн өндрөөс унасан байна. Түүнийг нисдэг тэргээр яаралтай нүүлгэн шилжүүлж, хугарал болон олон тооны зөөлөн эдийн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэсэн боловч Молли сураггүй алга болжээ.

Нохой алга болсон тухай мэдээг сонссон сэтгэл зүрхтэй иргэд улс орон даяар хандив цуглуулж, эрлийн ажилд зориулан 11,500 ам.доллар босгосон байна. Нисдэг тэрэгний нисгэгчид Джонстоны унасан газраас эхлэн орчмын бүсийг самнаж, эцэст нь тамирдаж туйлдсан Моллиг хүрхрээний бэлээс олжээ.

Уэйн нэртэй нисгэгч доош буун, нохойд зайдас өгч, түүнийг аварсан байна. Ийнхүү хайртай нохойныхоо хувь заяанд санаа зовж байсан Жессика түүнтэйгээ эргэн уулзлаа.

“Маш хүнд долоо хоног байлаа. Одоо бид хоёр хоёулаа гэртээ ирсэн тул энэ явдлыг өөрийнхөө адал явдлуудын жагсаалтад нэмж болно. Ямартай ч энэ бол гайхалтай аялал байсан” хэмээн бүсгүй нийгмийн сүлжээндээ бичжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй