Home Улстөр«Шударга бус татварын тогтолцоо дуусах цаг нь болсон уу?» – Иргэд татварын шинэчлэлийг шаардаж байна

«Шударга бус татварын тогтолцоо дуусах цаг нь болсон уу?» – Иргэд татварын шинэчлэлийг шаардаж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ХХОАТ

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаархи хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг арга хэмжээг УИХ дахь Ардчилсан намын бүлэг зохион байгуулсан бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулж, тэдний байр суурийг сонссон юм.

Иргэн Ч.Хантүмэн: “35 жил НӨАТ-ыг бүрэн авсангүй. Эсвэл зогсоо, шударга бай”

Ч.Хантүмэн хэлэхдээ “Бид татвараа шударгаар төлж, хууль ёсны дагуу бизнес эрхэлж байгаа ч хууль бус үйл ажиллагаа явуулж буй өрсөлдөгчдийнхөө хажууд унаж байна. Зах худалдааны төвүүдэд НӨАТ-ын баримт өгдөггүй. Хэрвээ бүгдээс нь авахгүй бол авдгаа боль, шударга бай” хэмээв.

Түүнчлэн, “Татвар төлдөг иргэдийн дансыг хааж, байнга шалгаж байна. Харин татвар төлдөггүй хэсгийг үл тоомсорлож, банкнууд зээл олгож өөгшүүлж байна. Хоёр тайлан гаргадаг компаниудад зээл өгч байгаа нь шударга тогтолцоо биш” гэдгийг тэрээр шүүмжилсэн юм.

Шинжээч Г.Мөнх-Эрдэнэ: “Хөрөнгө оруулалтын татвар 1% болвол зах зээл сэргэнэ”

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “Одоогийн байдлаар хаалттай бүтээгдэхүүнд 10%, нээлттэйд 5%-ийн татвар ногдуулж байна. Үүнийг 1% болговол хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэнэ. Хонконг, Сингапурт ийм татвар 0% байдаг. Харин гадаадын иргэн Монголд хөрөнгө оруулбал 20-30% татвартай тул сонирхохгүй байна” гэлээ.

О.Уламсайхан: “Өндөр татвар эдийн засгийг авардаг логик хаана ч байхгүй”

“Ноорог” медиа агентлагийн гүйцэтгэх захирал О.Уламсайхан “Манай компани гурван жил болж байна. Бидний төлж буй татвар бага ч гэсэн ирээдүйд өсөх магадлалтай. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд өндөр татвартай байдаг гэх ойлголт буруу. 1900-аад оны АНУ манайх шиг ДНБ-тэй байхдаа татвар нь ердөө 1-3% байсан. Иргэдийн орлого муу байхад өндөр татвараар эдийн засгийг аврах нь утгагүй” хэмээв.

Нягтлан н.Тунгалагтамир: “Цалингаасаа хоёр дахин татвар төлдөг”

М-Ойл группийн охин компанийн ерөнхий нягтлан Тунгалагтамир “Би 25 жил ХХОАТ болон НДШ-ийг тасралтгүй төлж ирсэн. Монголд иргэдийн цалингийн өмнөх нийт орлогоос татвар тооцдог бол гадаад улсад гарт орж ирж буй бодит орлогоос л татвар тооцдог. Манай иргэд цалингийнхаа 40%-ийг татварт өгч, дараа нь худалдан авалт бүрдээ НӨАТ төлж байна. Үүнд засаг анхаарах ёстой” гэж онцоллоо.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: “100 мянган иргэн ХХОАТ-ыг 1% болгохыг дэмжсэн”

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдээлэхдээ “Иргэн Р.Шинэгэрэлийн санаачилсан ‘ХХОАТ-ыг 10% биш 1% болгох’ тухай цахим өргөдөлд долоо хоногийн дотор 100 мянган хүн гарын үсэг зурсан. Энэ нь бид, УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлах үндэслэл болж байна. Иймээс хуулийн төслийг боловсруулж, парламентын цахим хуудсанд байршуулсан” хэмээн мэдэгдэв.


Энэ удаагийн хэлэлцүүлэг нь Монгол Улсын татварын бодлогыг шинэчлэн найруулах, татвар төлөгчдийн шударга бус ачааллыг бууруулах талаар олон нийтийн шаардлага улам тод томруун илэрхийлэгдэж байгааг харууллаа. Иргэд, бизнес эрхлэгчид, судлаачдын зүгээс зөвхөн татвар нэмэх бус, шударга тогтолцоог бүрдүүлэх, тэгш боломжийг хангахыг онцлон тэмдэглэлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.