Table of Contents
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт чухал дэвшил авчрах зорилготой “Эрүүл мэнд – Хүртээмж – Чанар” хандивын төслийг Шунхлай групп “БИ МОНГОЛ ЭМЧ” төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Төслийг Монгол Улсын төрийн шагналт, Хүний гавьяат эмч С.Отгонгэрэл санаачилсан бөгөөд зорилго нь орон нутгийн иргэдэд үзүүлж буй эмчилгээний чанар, хүртээмжийг бодитоор сайжруулах явдал юм.
20 аймагт хүрч, 10,000 мэс засал хийх боломж бүрдэнэ
- Төслийн хүрээнд “OgS Orthopedics” брэндийн яс, үений мэс заслын тоног төхөөрөмжийг нийт 20 аймгийн нэгдсэн эмнэлэгт нийлүүлж байна.
- Эдгээр төхөөрөмжөөр жилд 8,000–10,000 хүртэлх мэс засал хийх боломж бүрдэнэ.
- Үүний үр дүнд эмчилгээний үр дүн 20-30 хувиар нэмэгдэх хандлагатай гэж тооцоолжээ.
Мөн орон нутгийн иргэдийн эмнэлгийн хүртээмжгүй байдлаас үүдэлтэй зардал, чирэгдэл, хот руу шилжин суурьших шаардлага багасаж, эмнэлгүүдийн тогтвортой байдлыг хангахад бодит дэмжлэг болох аж.
Монголын нөхцөлд зориулагдан бүтээгдсэн дэвшилтэт шийдэл
- “OgS Orthopedics” тоног төхөөрөмжийг Монголын нөхцөлд тохируулан С.Отгонгэрэл эмчийн удирдлага дор бүтээж, ISO 13485 чанарын стандарт болон АНУ-ын FDA баталгаажуулалт хангасан байна.
- Уг төхөөрөмж нь хялбар, шуурхай ашиглагддаг, өвчтөнд бага зовуурьтай байхаар инженерчлэгдсэнээрээ онцлогтой.
Одоогоор энэхүү төхөөрөмжийг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан-Уул, Баянхонгор, Дорноговь аймгуудад нэвтрүүлсэн бөгөөд мэс заслын үргэлжлэх хугацааг 20-30 хувиар бууруулж байгаа нь нотлогдоод байна.
С.Отгонгэрэл эмч: Энэ бол үндэсний хэмжээний шийдэл
С.Отгонгэрэл: “Алслагдсан бүсийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж, хүний нөөцийн хомсдол их байдаг. Бид хүн бүрт тэгш, чанартай эмчилгээ хүргэхийн тулд хамтарч ажиллах ёстой. Энэ бол нэг удаагийн хандив биш — орон нутгийн эрүүл мэндийн системийг жигд хөгжүүлэх үндэсний хэмжээний шийдэл юм” гэж онцоллоо.
Шунхлай группийн нийгмийн хариуцлага
Төслийг 2025 оны тавдугаар сарын 15–30-ны хооронд хэрэгжүүлж байгаа бөгөөд 5-р сарын 20-ноос тоног төхөөрөмжийг аймгууд руу хуваарилж эхэлжээ. Шунхлай групп нь байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаагийн ажил нь үндэсний инновац, салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжсэн шинэ жишиг болно гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна.
