Шүүх эмнэлгийн шинжээчид: Курт Кобейныг бусдын гарт амь үрэгдсэн байж болзошгүй нотлох баримтуудыг дэлгэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Nirvana

“Nirvana” хамтлагийн гоцлол дуучин Курт Кобейны үхлийн шалтгааныг албан ёсоор амиа хорлолт гэж үздэг ч шүүх эмнэлгийн бие даасан шинжээчдийн баг үүнийг аллага байж болзошгүй гэх хэд хэдэн үндэслэл гаргаж ирснийг “Daily Mail” уламжиллаа. Судлаач Мишель Уилкинс болон шүүх эмнэлгийн шинжээч Брайан Бернетт нар Кобейны цогцост хийсэн задлан шинжилгээний материалыг дахин судалснаар дараах дүгнэлтэд хүрчээ.

Шинжээчдийн дэлгэсэн сэжигтэй баримтууд:

  • Бие махбодийн өөрчлөлт: Кобейны тархи болон элэгний эд эсэд үхжил (некроз) үүссэн байсан нь мансууруулах бодисын тун хэтрүүлснээс үүдэлтэй хүчилтөрөгчийн дутагдлыг илтгэж байна. Шинжээчдийн үзэж буйгаар буудуулж нас барсан хүний биед ийм төрлийн өөрчлөлт гардаггүй, харин бодисын тун хэтрүүлснээс хойш тодорхой хугацаанд амьд байсан хүнд илэрдэг аж.
  • Хэргийн газрын “төгс” байдал: Цогцосны дэргэд тариур, героин болон бусад хэрэгслүүдийг маш эмх цэгцтэй хураасан байсан нь сэжиг төрүүлжээ. Тун хэтрүүлэн тарьж, үхэж буй хүн хэрэглэсэн бүх зүйлээ таглаж, байранд нь буцааж тавих боломжгүй бөгөөд “амиа хорлолт ийм цэвэрхэн байдаггүй” гэдгийг Уилкинс онцолсон байна.
  • Цусны толбо ба цогцосны байрлал: Дуучны цамцны доод хэсэгт их хэмжээний цус тогтсон байтал гар дээр нь ямар ч цус байгаагүй. Энэ нь түүнийг нас барсны дараа цогцсыг хөдөлгөж, толгойг нь доош харуулан өргөх үед цус цамцан дээр нь гоожсон байх магадлалтайг харуулж байна.
  • Гэрээслэл дэх гар бичмэл: Шинжээчид түүний үлдээсэн гэрээслэлийн тодорхой хэсгийг өөр хүн бичсэн байх магадлалтай гэж үзэж байна.

Албан ёсны хариу үйлдэл:

Кинг тойргийн шүүх эмнэлгийн товчоо болон Сиэтл хотын цагдаагийн газраас эдгээр мэдэгдэлд хариу өгөхдөө: “Тухайн үед задлан шинжилгээг бүх журмын дагуу гүйцэтгэсэн бөгөөд амиа хорлолт гэсэн дүгнэлт хэвээр байна. Хэргийг дахин нээх хэмжээний шинэ, үндэслэлтэй баримт одоогоор алга” гэж мэдэгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй