Table of Contents
Милан–Кортина 2026-д реппер ба спорт нэг талд гарна
Америкийн нэртэй рэппер Снүүп Дог ирэх онд Италид болох “Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд өрсөлдөх АНУ-ын шигшээ багийн “хүндэт дасгалжуулагч”-аар ажиллахаар болжээ.
АНУ-ын Үндэсний Олимпын хороо болон Паралимпын хороо хамтарсан албан мэдэгдэлдээ түүнийг багийн албан ёсны дэмжигч, тамирчдад сэтгэлзүйн уур амьсгал бүрдүүлэхэд голлон оролцох дүрээр сонгосноо онцолсон байна. Тэд Снүүп Доггийн оролцоо америк тамирчдын “цагаан олимпод” үзүүлэх амжилт, багийн уур амьсгалд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
“Би зүгээр л урам өгнө” – Снүүп Доггийн хэлсэн үг
Шинэ үүргийнхээ талаар ярилцахдаа Снүүп Дог:
«Олимпод оролцох тамирчид бол жинхэнэ одод. Би зүгээр л хөгжөөн дэмжих, урам зориг өгөх зорилготой»
хэмээн онцолжээ.
Ингэснээр тэр тактик, техникийн бэлтгэл заах мэргэжлийн дасгалжуулагч биш, харин багийн уур амьсгал, өөртөө итгэх итгэлийг нь өргөх, олон нийттэй холбох “ нүүр царай” болон ажиллах юм.
Олимпын хөдөлгөөнтэй холбоотой өмнөх оролцоо
Жинхэнэ нэр нь Кэлвин Кордозар Бродус Жюньор болох Снүүп Дог нь 2028 оны зуны олимпын наадам зохион байгуулах Лос-Анжелес хотын уугуул. Тэр өмнө нь Олимпын хөдөлгөөнд хэд хэдэн удаа оролцож байсан бөгөөд өнгөрсөн жил Парисын олимпын бамбарын буухианд оролцон гүйж, дэлхийн спортын хамгийн том наадмыг сурталчлах ажлын нэг хэсэг болж байв.
Ийнхүү хип-хопын домогт од өвлийн Олимпод АНУ-ын тамирчдын ард “хүндэт дасгалжуулагч” нэртэйгээр зогсох нь Милан–Кортина 2026-гийн соёл, спорт хосолсон өвөрмөц өнгө аясын нэг хэсэг болох нь тодорхой боллоо.